Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Уншигч та Mining Insight сэтгүүлийн хавтасны зургаас Монгол Улсын сүүлийн 33 жилийн нийт уул уурхайн үйлдвэрлэлийг харж байна. Монгол Улс капиталист тогтолцооны нэгээхэн эд эс нь болж, эдийн засгаа олон улсын зах зээлтэй холбосон 1990 оноос хойших уул уурхайн үйлдвэрлэлийн цар хэмжээг Mining Insight сэтгүүл тооцоолж гаргахыг хичээлээ. Хэрхэн тооцоолж, ямар үр дүн гаргасныг С.Болд-Эрдэнийн ”Монголын ашигт малтмалын олборлолт 33 жилд” нийтлэлээс дэлгэрүүлэн уншина уу.
Эдгээр тоо нь зөвхөн олборлосон ашигт малтмалын хэмжээ төдий биш юм. Эндээс Монголын уул уурхайн голлох үйлдвэрлэлүүд, цар хүрээ, хүрсэн түвшинг харж болно. Нөгөө талаар бусад улс орны уул уурхайн үйл ажиллагаа, олборлолт, үйлдвэрлэлтэй харьцуулах боломж нээгдэх юм. Үндэсний эдийн засгаа гадаад худалдаанд нээж, дотоодын үйлдвэрлэгчид шинээр төрж, улмаар олон улсын өрсөлдөөнд татагдан орсон өнгөрсөн 33 жилд Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн их үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бол нүүрс байна. Удаах нь төмрийн хүдэр, түүний араас зэсийн баяжмал орж буйг та графикаас харж байна. Овор хэмжээгээр нь биш олсон орлогоор нь тооцвол энэ 33 жилд зэсийн баяжмалаас манай улс хамгийн их орлогыг олжээ. Түүний дараагийн их орлогыг улсын эдийн засагт нүүрс оруулсан байна.
Хэрэглээний хувьд дотоодын үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа нь зөвхөн эрчим хүчний нүүрс юм. Бусад нь гол төлөв өмнөд хөршийн түүхий эдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан экспортын чиглэлтэй. Боловсруулж буй түвшин гэвэл багахан хэмжээний катодын зэсийг эс тооцвол дийлэнхдээ баяжуулах хэмжээнд байна. Зарим тохиолдолд нүүрсээ олборлоод түүхийгээр нь борлуулж байгаа билээ. Харин тухайн ашигт малтмалыг олборлож эхэлсэн үе цаг, түүхээ сөхвөл бараг бүгд шахам өмнөх нийгмийн үеэс эхлэлтэй. Цаг хугацааны дараалалд оруулбал анхдагчид нь алт, нүүрс юм.
Монгол оронд алт, эрдэнийн чулуу, нүүрс олборлох үйл ажиллагаа XX зууны эхэн үеэс үндсэндээ 100 гаруй жилийн өмнө эхэлжээ. Түүний араас 1942 оноос гянтболд, 1949 оноос цагаан тугалга, 1954 оноос хайлуур жонш, 1978 оноос зэс, молибденийг олборлож эхэлсэн байна. Цайрын хувьд үйлдвэрлэл нь ерээд оноос хойш гэж тооцогдох боловч иж бүрнээр нь уулын баяжуулах үйлдвэр барьж байгуулах ажлын суурь хуучин нийгмийн үед тавигдаад байв. Нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, ашиглалт нь манай улсын хувьд үндэсний эрх ашиг, хөгжлийн бодлогоор бус бусдын эрх мэдлийн дор, хараат гэхээр түүхийн ээдрээт үе цагт эхэлсэн гэж хэлж болох үндэстэй.
Тэгвэл сүүлийн 33 жилд, зах зээлийн эрэлтээ дагаад цоо шинээр бий болсон ашигт малтмалын олборлолтын чиглэл гэвэл гагц төмрийн хүдэр л байна. Ийм нэгэн 33 жилийн үйлдвэрлэлийн түүхэн тоо мэдээллийг уншигч таны өмнө дэлгэж байна. Эндээс ирээдүйд, ирэх 30 жилд Монголын уул уурхайн үйлдвэрлэл ямар байх вэ, энэ бүхэн өөрчлөгдөх үү, өөрчлөгдөх бол ямар шилжилт хийгдэх бол, ач холбогдол, дараалал өөрчлөгдөх үү, шинээр ямар үйлдвэрлэлүүд бий болох вэ гэсэн асуултууд зүй ёсоор тавигдана.
Хүн төрөлхтөн ирэх 30-40 жилд эрчим хүчний эх үүсвэрээ солих замд эргэлт буцалтгүй ороод байна. Нэг ёсондоо шинэ дэлхий, шинэ эрин ирж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн эрэлтээр өдөөгдөж буй металлуудын эрэлт хэрэгцээ эрдэс баялгийн салбарын ирээдүйг цоо шинээр тодорхойлж байна. Ирээдүйн эрдэс, металлууд нь газрын ховор элемент, уран, цахиур, зэс, хөнгөн цагаан, лити, никель, кобальт, графит, манган, ванади, титан, цагаан алт, хром, циркон гэгдэж байна.
Энэ дунд бидний өнгөрсөн 33 жилд эрхэлж ирсэн ашигт малтмал тоотой ганц нэг, тодруулбал зэсээс өөр алга байна. Үүнийг дагаад уул уурхайн үйлдвэрлэлийн үүрэг, оролцоо ихээхэн өөр болж, хувиран өөрчлөгдөх нь зүйн хэрэг. Тэр дундаа нүүрсний ач холбогдол буурч, эрин үе нь өндөрлөх нь тодорхой болж байна. Харин хэр хугацаанд үргэлжлэх вэ гэдэгт л хариултын хувилбар олон байгаа. Иймээс өнөөдөр бол манай улсын хувьд ашигт малтмалын стратегиэ эргэн харах, шинээр тодорхойлох, хөгжлийн төлөө давших хэрэгсэл болгох гарааны эхлэл юм. Үүний тулд 33 жилийн үйлдвэрлэлээ эргэн харж, дүгнэн цэгнэх тооцооллыг Mining Insight-ийн сэтгүүлчид хийж, уншигч таны оюуны мэлмийд гарган тавилаа.
Энэ сараас туршилтын арилжаа нь эхэлж буй Уул уурхайн бирж тойрсон асуудлаарх цогц тодруулгыг Mining Insight нэгдүгээр сарын дугаартаа нийтэллээ. Арилжааг эрхлэн явуулж буй Монголын хөрөнгийн бирж, бирж болон биржийн арилжааны зуучлалын үйл ажиллагаанд төрийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх Санхүүгийн зохицуулах хорооны байр сууриуд энд багтлаа. Мөн анхны арилжааг эхлүүлсэн “Энержи Ресурс”, удаах арилжааг хийх гэж буй “Эрдэнэс Тавантолгой” компаниудаас авсан тодруулга таны сонирхлыг татах болов уу.