Дэлхийн зэсийн хайгуулын төсөв 8 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ

Г.БААТАР

S&P Global Market Intelligence-ийн тайланд дурдсанаар, 2022 онд дэлхийн хэмжээнд зэсийн хайгуулын нийт төсөв 2.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оныхоос 21 хувиар өсжээ. Энэ нь сүүлийн 8 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Өсөлт нь олон жилийн доод түвшинд хүрч буурсан зэсийн үнэ цар тахлын дараах идэвхжилээр хүчтэй сэргэсэнтэй холбоотойг тайлбарлажээ.

2020 оны гуравдугаар сард нь 4400 ам.доллар/тонн болж буураад байсан зэсийн ханш тухайн үеийнхээс хоёр дахин өсөөд буй юм. Энэ арваны эцэс хүртэл эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар зэсийн үнэ өсөх хандлагатай байна.
Өнгөрсөн онд зэсийн хоёр том уурхайн үйл ажиллагаа эхэлсэн нь Перу дахь Anglo-American компанийн 60 хувийн эзэмшилтэй Quellaveco, мөн Хятадын Zijin Mining-ийн 100 хувь эзэмшдэг Сербийн Cukaru Peki (Timok) юм. 2023 онд Чилид Канадын Teck Resources хэрэгжүүлж буй Quebrada Blanca уурхай эхлэх бол Оросын Удоканы ордын ашиглалт, Rio Tinto групп Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлд бэлтгэж байгааг S&P Global Market Intelligence-ийн тайланд тэмдэглэжээ.

Дэлхийн зэсийн нөөц 50 сая тонноор нэмэгдсэн хэдий ч дийлэнх нь 1990-ээд онд нээсэн илэрцүүд гэдгийг S&P Global-ийн шинжээчид онцолсон байна. Гэсэн ч одоогоор “дараагийн Escondida” ордыг нээн илрүүлээгүй байгааг тодотгожээ.