Монгол Улс PDAC-2023-т критикал минералын төслүүдээ танилцуулна

Б.ЭНХМАА

Дэлхийн уул уурхайн салбарынхны хамгийн том цугларалт Торонто хотноо болох гэж байна. Энэ жил 91 дэх удаагаа зохион байгуулагдах PDAC арга хэмжээнд Монгол Улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Монгол Улсын УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд, Засгийн газар, яам, агентлаг, төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөлөл болсон 50 орчим хүн уг арга хэмжээнд оролцоно. PDAC чуулганд Монгол Улс тасралтгүй оролцож, Mongolia@PDAC арга хэмжээ зохион байгуулж ирсэн уламжлалтай. Үүний дагуу энэ жил PDAC чуулганы үеэр Mongolia@PDAC хурлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад Монголын ашиг малтмалын салбарын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэ төслүүдийн талаарх мэдээллийг хүргэхээр төлөвлөөд байна.

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил Монгол Улс хөрөнгө оруулагчдад шинэ мэдээлэл арвинтай уулзахаар байна. Монголын хамгийн том төсөл, гадаадын хамгийн том хөрөнгө оруулалттай Оюутолгой ордын гүний уурхайн олборлолт ирэх гуравдугаар сард эхлэхээр болсныг “Рио Тинто” групп зарласан. Монголын Засгийн газар өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хамгийн том хөрөнгө оруулагч “Рио Тинто” групптэй харилцан тохиролцож чадсанаар “Оюутолгой” төслийн гүний уурхайн олборлолт ийн эхэлж байгаа нь Монголын уул уурхайн салбарт маш чухал үйл явдал юм.

Түүнчлэн Монголд олон жил хайгуул хийж, амжилттай үр дүнд хүрээд байгаа “Эрдэнэ Ресурс Девелопмент”, “Занаду Майнз” зэрэг компани стратегийн томоохон хөрөнгө оруулагчтай хамтрах болсноо сүүлийн нэг жилд зарлаад байна. Монголын говьд шинээр нээгдсэн алтны бүс нутагт томоохон орд илрүүлсэн “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монголын хувийн хэвшлийн хамгийн том уул уурхайн компани “Энержи Ресурс”-тай стратегийн хөрөнгө оруулагчийн гэрээ байгуулж, Хөндий ордын хөгжүүлэлт бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар болоод байна. Мөн зэсалтны Хармагтайн ордын хөгжүүлэлт, бүтээн байгуулалтад дэлхийн топ компаниудын нэг “Зижин Майнинг” компани хөрөнгө оруулж, хамтрахаар болсон билээ. Дээрх төслүүдийн талаарх шинэ мэдээллийг компаниуд нь танилцуулах юм.

Монголын уул уурхайн салбарт өрнөж буй дээрх онцлох үйл явдлуудаас гадна Монгол Улс ашигт малтмалын хуулиа шинэчлэн найруулах ажлыг эрчимтэй хийж байна. Ашигт малтмалын хуулийг өөрчилснөөр критикал минералын хайгуулыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдэх боломжтой болох юм. Монголын уул уурхайн салбарын олборлолтын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс, алт байдаг.

Харин цаашид лити, кобальт, никелийн хайгуулыг эрчимтэй хийх чиглэл баримталж байгаагаа УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцолж байна. Tsogsh, Ion Energy зэрэг компани критикал минералын хайгуулын төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Монгол Улс бол геологийн хувьд бүрэн судлагдаагүй, газар нутаг томтой улс. Сүүлийн жилүүдэд геологийн ерөнхий судалгаа хийхэд зориулж улсын төсвөөс жил бүр 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Цаашид ч геологийн ерөнхий судалгааг бүрэн хийж, хөрөнгө оруулагчдад шинэ, таатай боломж олгохыг зорьж байна.

Майнинг Инсайт Сэтгүүл, нэгдүгээр сар 2023 №1 (014)