Эрдэнэс Тавантолгой: Хил нөхцөлтэй 64 мянган тонн коксжих нүүрс 178 доллароор арилжааллаа

Б.ТОГТОХ

Монголын хөрөнгийн биржээр нүүрсний ээлжит арилжаа зохион байгуулагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 10 багц буюу нийт 64 мянган тонн нүүрс хил нөхцөлөөр худалдааллаа. Энэ нь тус компанийн хувьд гурав дахь цахим арилжаа болж байна.

Өнөөдрийн арилжаагаар коксжих нүүрсний ханш тонн тутам нь 178.6 ам.долларт хүрэв. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд, дээрх 64 мянган тонн нүүрсийг Yueyang SINOMA Trading Corporation Ltd компанид борлуулжээ.

Гурван удаагийн цахим арилжаагаар "Эрдэнэс Тавантолгой" компани нийт 160 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр арилжаалжээ. Хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компани 32 мянган тонн коксжих нүүрсийг хил нөхцлөөр энэ долоо хоногт мөн биржээр арилжаалсан. Ингэснээр хөрөнгийн биржийн нүүрсний цахим арилжаагаар төр, хувийн хэвшил нийт 96 мянган тонн нүүрс борлууллаа.