2025 он гэхэд дэлхийн цахилгаан машины үйлдвэрлэлд 1.5 сая тонн литийн карбонат ашиглах бол 2030 онд 3 сая тонн болж литийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ нь 2021 онтой харьцуулахад 6 дахин их өсөлт юм.
Сүүлийн жилүүдэд цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдсэнээр литийн үйлдвэрлэл хурдацтай өсөж байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд литийн үйлдвэрлэл 11 дахин өсөж 2021 онд 106 мянган тонн болжээ. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн 90 хувь Австрали, Чили, Хятад гэсэн гурван улсад ногдож байна. Үлдсэн 9 гаруй хувь нь Аргентин, Бразил, Зимбабве, Португал, АНУ, харин 1 хувийг бусад орнууд эзэлж буй.
1995 онд нийт литийн 37 хувийг АНУ-ын үйлдвэрлэдэг байсан бол 2021 онд 1 хувь болжээ. Австралийн хувьд одоогоор нийт литийн 52 хувийг дангаараа гарган авч байна. Гэхдээ Чилийн давсны уусмалаас гаргаж авдгаас ялгаатай нь хатуу чулуулгаас буюу илүү хүнд байдлаас олборлодог. Австралийн нийт литийн экспортын 90 хувийг Хятад худалдан авч байна. Хятад нь дэлхийн гурав дахь том үйлдвэрлэгч төдийгүй литийн үйлдвэрлэлийг хянадаг. Тул улс дотоодын олборлолтыг хөгжүүлэхийн зэрэгцээ сүүлийн арван жилд Чили, Канад, Австрали зэрэг орнуудаас 5.6 тэрбум ам.долларын лити импортолжээ. Мөн Хятад нь нийт литийн батарейны 60 хувийг үйлдвэрлэдэг.
Литийг дахин ашиглаж болох батарейд хэрэглэхээс гадна чухал олон зүйлд ашигладаг. 2010 онд нийт литийн хэрэглээний 31 хувийг керамик болон шилэн эдлэлд ашигладаг байжээ. Литийн карбонат нь бат бөх чанарыг нэмэгдүүлдэг түүхий эд юм. Мөн тээврийн үйлчилгээ, ган болон нисэх үйлдвэрлэлийн тосолгоонд ашигладгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.