Teck Resources бие даасан 2 компанид хуваагдахаар төлөвлөжээ

Гэрэл зураг: Teck Resources группын нүүрсний уурхай

Э.ОД

Канадын уул уурхайн Teck Resources групп нүүрстөрөгч багатай эрчим хүч үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой металлуудад анхаарлаа хандуулахаар болжээ. Ингэхдээ нүүрсний үндсэн бизнесээсээ тусад нь удирдахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл Teck Resources нь бие даасан хоёр компанид хуваагдаж өөрчлөгдөнө гэсэн үг.

Гэхдээ энэ шийдвэрт хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах ёстой. Компанийн хувьцаа эзэмшигчдийн жилийн хурал ирэх дөрөвдүгээр сарын 26-нд болох аж.

Шийдвэр батлагдвал, Teck Metals нь зэс, цайр гэх мэт металлын үйлдвэрлэлд төвлөрнө. Харин Elk Valley Resources-ийн хувьд металлургийн нүүрс олборлоход чиглэнэ. Энэ тохиолдолд Elk Valley Resources нь 11.5 тэрбум ам.долларын үнэ цэн бүхий компани болох юм. 2021 оны үзүүлэлтээр, Teck Resources-ийн эзэмшилтэй 4 уурхай нийт 24.6 сая тонн металлургийн нүүрс үйлдвэрлэжээ. Улмаар далайн тээврээр нүүрс нийлүүлэгч 2 дахь том компанид эрэмбэлэгдэж байна.

Одоогоор Teck Resources-ийн хувьд Чили дэх “Quebrada Blanca 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд анхны зэсээ гаргахаар төлөвлөсөн. 
Гэрэл зураг: “Quebrada Blanca 2” төсөл

“Шинэ зохион байгуулалтад орох 2 зорилго бий. Нэг нь компаниудын стратеги болон санхүүгийн төвлөрлийг нэмэгдүүлэх. Хоёр дахь нь хөрөнгө оруулагчдад сонголт олгох" хэмээн Teck Resources группын Гүйцэтгэх захирал Жонатан Прайс “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.

Өнөөгийн байдлаар Teck Resources-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 22 тэрбум ам.доллар байна.