Майнинг Инсайт сэтгүүл Канадын Торонто хотноо жил бүр зохион байгуулагддаг уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ PDAC-ийн 91 дэх удаагийн чуулганд хэвлэлийн түншээр ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд бид PDAC-ийн ерөнхийлөгч Алекс Кристофертэй ярилцаж, энэ удаагийн чуулганаар хэлэлцэх сэдэв болон уул уурхайн салбарын цаашдын хандлагын тодрууллаа.
Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ болох PDAC-ийн 91 дэх чуулганы онцлог болон шинэлэг зүйл юу байх вэ? Оролцогчдод юуг санал болгох вэ?
Цар тахлын улмаас 2021 онд арга хэмжээг бүхэлд нь цахим орчинд явуулсан бол өнгөрсөн онд хосолмол байдлаар зуны улиралд зохион байгуулсан. Харин PDAC 2023-ийг цар тахлаас хойш анх удаа уламжлалт ёсоор 3 дугаар сард зохион байгуулж буйгаараа онцлог. Энэ жилийн чуулганд Метро Торонтогийн конвенцын төвийн (MTCC) хойд болон өмнөд барилгуудын 600,000 м2 талбайг ашиглана. Үндсэндээ чуулганы 91 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй зохион байгуулагдах өдөрлөг юм.
Дэлхий нийт цаашдын хөгжлийн бодлогодоо нүүрстөрөгч ялгарлыг хамгийн бага байлгахад анхаарч, критикал минералын шинэ эх үүсвэрийг эрэлхийлж эхэлснээр ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбар хөгжлийн шинэ эрин үед шилжиж байна.
Энэ бүхэн эдийн засгийн олон шинэ боломж санал болгож буй төсөл, хөтөлбөрүүд, цаашлаад техник, технологийн өвөрмөц сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн стратегиудад аль хэдийн тусгагдаад байна. Салбартаа тэргүүлэгчдийг тодруулах шагнал гардуулах ёслол болон нээлтийн ёслолууд өнгөрсөн онд бүрэн дүүрэн хийгдэж чдаагүй. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор олон жил зохион байгуулж ирсэн эдгээр хүлээн авалтууд эргэн ирнэ. Нэмж дурдахад шинэ гишүүдэд зориулсан салбарынхантай танилцах хүлээн авалтын арга хэмжээг шинээр зохион байгуулна. Үүнд мөн төгөлдөр хуурын дуэт тоглолт багтсан байгаа.
Энэ жилийн чуулганаар хөндөх, хэлэлцэх гол сэдвүүд юу байх бол? Яагаад голлох сэдвээр сонгогдсоныг тайлбарлана уу.
Салбарын түвшинд тулгарч буй асуудлуудыг бодитоор хэлэлцэхийн тулд бид хөтөлбөрөө боловсруулахдаа сэдвүүдээ маш нарийн сонгодог. Нийтээр уриалж, боловсрол олгох зорилгоор өргөтгөсөн хөтөлбөрийг хоёр дахь жилдээ дөрвөн үндсэн сэдвээр өрнүүлнэ: Түүхий эд (бүх ашигт малтмал критикал минерал болж эхэллээ), ашигт малтмалын салбарын төлөв (ирээдүйн эрдэс), технологи (технологи ба ашигт малтмалын хайгуулын ирээдүй), нээлт (Жулимар төсөл: Баруун Австрали). Шинэ, сонирхолтой санааг хэлэлцэхээр нөлөө бүхий олон хүн цуглаж, 2023 оны хайгуул, хөгжлийн сорилтуудын талаар ярилцана.
Канад Улсын ДНБ-д жил бүр 100 гаруй тэрбум доллар оруулдаг PDAC чуулганы ач холбогдол, хувь нэмрийг тодотгон ярина уу?
Уул уурхай, хайгуулын салбар нь Канадын эдийн засагт ихээхэн нөлөөтэй. Жилд 97 тэрбум канад доллароор ДНБ-ий хэмжээг тэлж, 657.000 ажлын байр (шууд болон шууд бус байдлаар) бий болгодог. 2021 онд Канад улс ашигт малтмалын хайгуулын хамгийн эрэлттэй улсаар тодорсон бөгөөд дэлхийн хэмжээнд тус салбарын нийт төсвийн 19%-ийг татан төвлөрүүлсэн. Зохион байгуулагчдын зүгээс салбарын бөгөөд PDAC-ийн 6500 гаруй гишүүдийн дуу хоолойг төлөөлөн хүргэх гэж байгаадаа баяртай байна.
Дэлхийн уул уурхайн шинэ чиг хандлага талаасаа ГШХО татахад анхаарч буй улс орнуудад юунд анхаарахыг зөвлөх вэ?
Ер нь PDAC арга хэмжээнд улс орнууд хэрхэн оролцвол илүү бодитой үр дүнтэй хүрэх талаар үзэл бодлоо хуваалцана уу.
Нээлттэй, ил тод бодлого, тусгай зөвшөөрлийн тодорхой бөгөөд аюулгүй байдал зэрэг нь ГШХО-д чухал нөлөөтэй. Байгаль орчин, нийгмийн өндөр стандартуудыг хангасан хариуцлагатай хайгуулын ажил болон хөгжлийн жишгийг дэмжиж, урамшуулдаг байх хэрэгтэй.
Түүнчлэн улсад нь бизнес эрхлэхээр ирсэн хүмүүст аюулгүй бөгөөд ашигтай орчин чухал. Товчхондоо улс орон өөрсдөө л хөрөнгө оруулагчдын итгэлийг олно.
Дэлхийн уул уурхайн салбарын компаниуд PDAC арга хэмжээнд оролцохын ач холбогдлыг хэрхэн үздэг вэ?
Хамгийн чухал үйл явдал гэж хардаг гэдэгт би итгэдэг. Ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын дэлхийн хамгийн том PDAC чуулган 2023 онд 91 нэх жилдээ олон чухал сэдвүүдийг хөндөхөөр зохион байгуулагдах гэж байна. Манай салбарын хамрах хүрээ маш том, дэлхийн бараг бүх улсыг хамардаг. Иргэд, Засгийн газрууд, компаниудыг нэг дор цуглуулж хэлэлцүүлснээр салбарт тулгарч буй асуудлуудыг шийдэх хамгийн том боломж бий болдог. Нийтэд боловсрол олгох, харилцаа холбоо тогтоох, шинэ нээлтүүдээ танилцуулах, хөрөнгө оруулах, хамтын ажиллагаагаа тэлэх, нэг зорилгын төлөө тэмүүлэх боломжийг олгодог. Энэ төрлийн платформууд дундаа бид тэргүүлэгч нь.
Тэгвэл PDAC арга хэмжээ нь үр ашгаа үзүүлсэн сүүлийн нэг жилийн үр дүн ямар байв?
Томоохон хамтын ажиллагаа, онцлох хөрөнгө оруулалт, шинэ төслүүд, дэлхийн уул уурхайн салбар дахь шинэчлэл өөрчлөлт гэх мэт. PDAC 2022 чуулган анх удаагаа зуны улиралд болоход дэлхийн 120 улсын 17000 гаруй оролцогч Торонто хотод цугласан. Канадын аялал жуулчлалын салбарын “13 дахь давхрын бизнесийн арга хэмжээ” (“Floor13 Business Event Award”) шагналын эзнээр PDAC 2022 арга хэмжээ шалгарсан. Өнгөрсөн оны чуулганд критикал минерал болон хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжилд тэдгээрийн хэрэгцээ шаардлагын талаар голчлон хөндсөн. 2023 онд ч гэсэн сэдэв хэвээр байх болов уу. Канадын 2022 оны төсөвт 3.8 тэрбум канад долларыг ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарт зориулсан бөгөөд өнгөрсөн сард зарласан Критикал минералын стратегид PDAC-ийн онцлох зөвлөмжүүд багтсан байна лээ. Критикал эрдсийн хайгуулд ашигт малтмалын хайгуулын татварын хөнгөлөлтийг 30% болгож хоёр дахин нэмсэн байсан.
PDAC 2023-аар ашигт малтмалын салбараа сурталчлан ГШХО татахаар зорьж буй шинэ ямар оролцогчид байна вэ?
Хөрөнгө оруулагчдын солилцоо нь хайгуул, уул уурхайн томоохон компаниуд, дунд хэмжээний олборлогчид, хайгуулчид, санхүүгийн байгууллагуудыг дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчидтай холбож, шинэ бизнес, боломжуудыг бүтээх зорилготой. Худалдааны үзэсгэлэн нь байгууллага, Засгийн газрууд дэлхийн тэргүүлэх технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уул уурхайн эрх мэдлийг танилцуулдаг хэсэг юм. Энэ бол шийдвэр гаргагчидтай холбогдож, дэлхийн зах зээлд бинзесээ таниулах боломж. Төслийн үзэсгэлэн (Core Shack), хайгуулчдын асар (Prospectors Tent), тусгай хөтөлбөр, богино хэмжээний сургалтууд зэргийг энэ жил зохион байгуулна.
Канад нь Монголын гуравдагч хөрш, Монголын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч орон. Манай уул уурхайн салбарын ГШХО-ын 26% буюу 4 доллар тутмын 1 нь Канадаас оржээ. Хоёр улсын уул уурхайн салбарт түшиглэсэн хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлнэ үү?
Монгол Улс ногоон хөгжилд томоохон хувь нэмэр оруулагч болохын тулд Канад зэрэг салбарын бусад тоглогчидтой түншлэл байгуулж, үүнээс үүсэх нийгэм, эдийн засгийн боломжуудыг ашиглах боломжтой юм.
Дэлхийн хамгийн их нөөцтэй зэсийн гүний уурхайн ордуудын нэг оршдогоос эхлээд ашигт малтмалын үлэмж нөөцтэй Монгол Улсын хувьд нүүрстөрөгчийн ялгарлыг хязгаарлах хөгжилд нэн чухал байгаа критикал минералыг нийлүүлэх боломжтой.
Олон улсад уул уурхайн компаниудад тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ? Эдгээр асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? Уул уурхайн компаниуд уг асуудалд ямар хүчин чармайлт гарган ажиллаж байна вэ?
Газар, хөрөнгө, ажиллах хүчний хүртээмж нь энэ салбарын гол тулгуурууд бөгөөд эдгээрт бүгдэд нь сорилт тулгарч эхлээд байна. Засгийн газрын бодлого, зөвшөөрөл олгох хугацаа, хөрөнгийн зах зээлийн хүчин чадал зэрэг нь салбарын түвшинд болон манай гишүүдэд тодорхой байдлыг бий болгож, төслүүдийг урагшлуулахад чухал хүчин зүйлс. Нүүрстөрөгчийн ялгарал бага хөгжилд амжилттай хүрэхэд ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбар чухал үүрэг оролцоотой ч олон нийтийн хандлага суларч, инженерчлэл, геологийн чиглэлээр суралцах сонирхолтой залуусын тоо Канадад буурсаар байна. Өөрөөр хэлбэл шинэ чадварлаг ажиллах хүчнийг тогтмол сэлгэх хэрэгтэй энэ салбарт урт хугацааны эрсдэл тулгарч буй хэрэг юм. PDAC-ийн ашигт малтмалын хайгуулын оюутан элсүүлэх сургалт (S-IMEW), олон нийтэд таниулах аян зэргээр дамжуулан салбарын талаарх буруу ойлголтыг засаж, эрх тэгш, төрөлжсөн, хүртээмжтэй байдлыг хангах чиглэлд идэвхтэй арга хэмжээ авч ажиллаж байна. Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, нэгдүгээр сар 2023
3 Сэтгэгдэл