Гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Торонтод нээгдэх 91 дэх удаагийн PDAC-2023 чуулганд Монгол Улс хэрхэн оролцох талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА)-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас Mining Insight-ийн Н.Ариунтуяа тодрууллаа.
Уул уурхайн салбарын дэлхийн хамгийн том цугларалт болох PDAC чуулганд Монголын уул уурхайнхан хэрхэн оролцох вэ? 2023 оны “Монголын өдөр” өмнөх жилүүдийнхээс юугаараа өөр, ямар онцлогтой байх бол?
Mongolia PDAC 2023 арга хэмжээний зохион байгуулалтыг энэ жилээс МУУҮА хариуцан, УУХҮЯ болон гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. “Монголын өдөр” арга хэмжээнд аль болох олон хөрөнгө оруулагчийг урьж оролцуулахыг зорьж байгаа. Мөн Монголын үзэсгэлэнгийн талбай гарган улсаа сурталчилна. Энэ жилийн онцлог гэвэл хөрөнгө оруулагчдад яг бодитой тодорхой төслүүд танилцуулахыг зорьж байгаа. Тодорхой нэр бүхий төслүүдийг шаардлагатай хөрөнгө оруулалтын хамт зарлана. Тэр дундаа критикал минералын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, хөрөнгө оруулалт шаардлагатай хайгуулын төслүүдийг танилцуулах юм. Үүнд Цахиртолгойн алтны үндсэн орд, “Цогш” ХХК-ийн хэрэгжүүлж буй никель, кобальтын төслүүд орж байна. Үүний зэрэгцээ бүтээн байгуулалт нь дуусаад олборлолтын шатанд шилжиж байгаа төслүүдээ танилцуулна. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж буй “Оюутолгой” төсөл болон “Эрдэнэ Ресурс”, “Степ Голд”, “Хан Алтай Ресурс” зэрэг алтны үндсэн ордын төслүүдийн танилцуулга болно.
PDAC-т Монголоос оролцох компаниудын тоо нэмэгдэж байна уу?
Энэ жилийн хувьд 60-70 орчим уул уурхайн компаниудын төлөөлөл PDAC-т оролцохоор явж байна. Хөрөнгө оруулалт татах сонирхолтой компаниуд олон байна. Анзаарагдсан буй нэг зүйл гэвэл салбарын үйл ажиллагаа идэвхжиж байгаа нь аль аль оролцогч талуудын хандлагаас мэдрэгдэж байна. Төрийн байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Шийдвэрүүд хурдтай гарч байна. Хувийн хэвшлийнхэн ч идэвхтэйгээр хөрөнгө оруулалт хайж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.
“Монголын өдөр”-т оролцох онцлог зочид, хөрөнгө оруулагчдыг танилцуулна уу?
PDAC нь хөрөнгө оруулалтын маш том чуулган. Бидний хувьд суралцах, туршлага судлах том боломж юм. Төр нь ассоциациудтай хамтраад хувийн хэвшлээ хэрхэн дэмждэг, хэрхэн хамтарч ажилладаг туршлагаас суралцах боломж гэж харж байгаа.
Монголын хөрөнгө оруулагчдын чуулганы хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Брайон Вилферт (Honourable Bryon Wilfert P.C, M.A., ICD.D, Former Member of Parliament) хэмээх эрхэм хүндтэй хүнийг урьсан. Honourable хэмээх их хүндтэй цол хэргэмтэй, Канадын Парламентын гишүүн асан энэ хүн Канадын Уул уурхайн ассоциаци болон PDAC-ийн ерөнхийлөгчөөр олон жил ажилласан. Төр, хувийн хэвшил талаасаа асуудлыг сайн мэдэх туршлагатай хүн “Монголын өдөр” хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлгийг удирдах болсонд таатай байна.
Зөвхөн монголчууд өөрсдөө яриад байхгүй, гаднын оролцогчид хурлын чиглүүлэгчээр ажиллаж, туршлагаа хуваалцах нь энэ жилийн “Монголын өдөр”-гийн нэг онцлог болох байх. Мөн Канадын Уул уурхайн ассоциацийн Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан дэд Ерөнхийлөгч Фотини Куцавлис Монголын өдөрлөгт оролцож, хариуцлагатай уул уурхайн кодекс болон төр хувийн хэвшил хэрхэн үр өгөөжтэйгээр, үр дүнтэй хамтран ажилладаг туршлагаасаа хуваалцана.
Монголын хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрийн хувьд дуулгах шинэ содон мэдээлэл байгаа юу?
Засгийн газрын хувьд гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд хүчин чармайлт гаргаж, холбогдох хууль, журмуудыг боловсруулах, шинэчлэх чиглэлд ажиллаж байна. Харин ассоциацийн зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийсэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдаар дамжуулан шинэ хөрөнгө оруулагчдад эерэг зөв мэдээлэл хүргэхийг зорьж ажиллаж байна.
Цаашдаа МУУҮА нь хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд бусад орны ассоциациудтай идэвхтэй хамтарч ажиллана. Азийн орнуудаас хэд хэдэн хөрөнгө оруулагчид Ассоциацид хандаж, хөрөнгө оруулалт хийх боломжтой тодорхой төслүүдийг танилцуулахыг хүссэн.
Ялангуяа манай урд хөршийн хувьд цар тахлын улмаас 3 жил шахам үйл ажиллагаа зогсонги байсан тул одоо хөрөнгө оруулалтуудаа шинээр тодорхойлохоор нэлээд идэвхтэй ажиллаж эхэлж байна. Мөн Японоос уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтүүд ирж байгаа. Бидэнтэй ирж уулзаж буй хөрөнгө оруулагчдыг харахад бодитой төслүүдтэй холбож өгөөч гэдэг. Гэтэл нөгөө талдаа хөрөнгө оруулагч хайж байгаа төслүүд манайд олон байна. Тэдгээрийн дүнд гүүр болох бодит шаардлага, хэрэгцээ байна. Цаашдаа МУУҮА нь хөрөнгө оруулагчидтай төслүүдээ холбох гүүр нь болж ажиллана.
Монгол Улс өнгөрсөн жилийн PDAC дээр хөрөнгө оруулагчдад ямар шинэ боломжийг амласан бэ? Тэр бүхэн биеллээ олсон уу? Ер нь PDAC арга хэмжээ үр ашгаа үзүүлсэн сүүлийн нэг жилийн үр дүн ямар байв?
Өнгөрсөн жилийн PDAC-т УУХҮЯ хайгуулын ажлыг идэвхжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу зогссон байсан тусгай зөвшөөрлийг тодорхой хэмжээнд олгож байгаа. Сүүлийн арга хэмжээнээс хойш нэг жилийн хугацаанд манай улсад шууд үзүүлсэн эерэг нөлөөлөл гэж харагдахгүй байгаа ч зөвхөн энэ арга хэмжээгээр хязгаарлахгүйгээр цаашид бүхий л талаар ГШХО орж ирэх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Манай улсын хувьд геологийн потенциал сайтай, олон боломж нээлттэй байгаа нь харагддаг. Эрдэс баялгийн нөөц бололцоо ихтэй, дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай хил залгаа оршдог зэрэг эерэг үзүүлэлтүүд бий. Энэ нөөц боломжийг ирэх жилүүдэд хэрхэн ашиглахад илүү төвлөрч төр хувийн хэвшлүүд хамтран ажиллавал боломж их байна.
Уул уурхайн хөрөнгө оруулагчдыг урьчихаад, том орд олохоор нь төрийн мэдэлд авах вий гэх айдас хөрөнгө оруулагчдад нийтлэг байх шиг?
Манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой орд дээр төр хувь эзэмшиж, хамтрахаар хуульчилсан байдаг. Үүнтэй холбоотойгоор томоохон орд илрээд ашиглая гэхээр төрийн зүгээс хөрөнгө оруулалт хийх боломжгүй байдаг нь төслийг эхлүүлэх цаг хугацааг хойшлуулах, үнэ цэнийг унагах зэрэг сөрөг нөлөөлөл бий болгох талтай. Энэ нь манайх шиг гаднын хөрөнгө оруулалт татахыг зорьж, ажиллаж байгаа улсын хувьд засаж сайжруулах ёстой асуудлын нэг. Тиймээс бид асуудлынхаа үндсэн шалтгааныг маш сайн бодох хэрэгтэй. Бидэнд яг ямар асуудал байна гэдгээ ойлгоод, түүнийгээ засах нэгдсэн нэг бодлоготой, нэг байр суурьтай болох хэрэгтэй байна. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байгаа яамд нэгдмэл бодлоготой, гарч байгаа хууль тогтоомжууд уялдаа холбоотой, тогтвортой байх хэрэгтэй. Үндсэн шалтгаанаа олж, засах зүйл дээр зоригтой алхам хийх, үүнд хувийн хэвшлийн дуу хоолой, бодит санал санаачилгыг тусгаж явах шаардлагатай байна. Гадаадын хөрөнгө оруулалт татахад нөөц баялгийн боломжоос гадна нээлттэй, ил тод бодлого, тусгай зөвшөөрлийн аюулгүй байдал чухал нөлөөтэй.
Монгол Улс хөрөнгө оруулагчдын итгэлийг олохын тулд юу хийж байна вэ? Бизнес эрхлэхээр ирсэн хүмүүст аюулгүй бөгөөд ашигтай санал болгох орчин хэр байна вэ?
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэн боловч хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль эрх зүйн орчныг дагаж мөрдөх ёстой. Анх орж ирж байгаа хөрөнгө оруулагчдад төр засгийн зүгээс хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг маш сайн өгч баймаар санагддаг. Дагаж мөрдөх ёстой олон хууль тогтоомж, дүрэм журмууд, авах ёстой зөвшөөрлүүдийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлгүйн улмаас хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа тогтворгүй болох, улмаар итгэл алдах асуудал руу хөтлөхөөр харагддаг. Тусгай зөвшөөрлийн аюулгүй байдал гэхэд л маш олон зүйлээс хамаарч байна. Эн тэргүүнд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл юү вэ гэсэн асуудал тавигдана. Ашигт малтмалын тухай хууль бол манай салбарын үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулж байгаа хууль биш юм.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 844 орчим хуулиас 100 орчим нь уул уурхайн салбарт хамааралтай байна.
Үүн дээр Засгийн газрын тогтоолууд, MNS стандартууд, сайдын тушаалууд нэмэгдэнэ. Үйл ажиллагаанд шууд нөлөөллөө үзүүлдэг хууль тогтоомжууд нийлээд уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Тиймээс салбарын хууль эрх зүйг ганц Ашигт малтмалын тухай хуулиар хязгаарлаж болохгүй. Ассоциацийн зүгээс хууль эрх зүйн жагсаалт гаргахад 100 орчим хууль, 1200 орчим MNS стандарт, 50 орчим Засгийн газрын тогтоол, 97 сайдын тушаал, агентлагийн шийдвэрүүд 24 орчим гарч ирж байсан. Энэ нь манайх хууль эрх зүйн өндөр шаардлагатайг харуулж байна. Эдгээр хууль тогтоомжийг дагаж мөрдөх явцад ямар нэгэн байдлаар мэдэхгүйгээс болоод хууль зөрчлөө гэж үзэхэд тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл үүснэ. Тиймээс хууль эрх зүйн орчноо хөрөнгө оруулагчид маш сайн ойлгох хэрэгтэй. Хууль эрх зүйн шаардлагуудаа бүрэн ойлгож, эдгээрээс алийг нь бид хангах ёстой вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Гол нь үүнийг хийхэд мэргэжлийн хүний нөөц шаардлагатай байна. Яг энэ чиглэлд мэргэшсэн бодлого боловсруулах чадвартай хүн маш их эрэлттэй байгаа. Ийм хэмжээнд бэлтгэгдсэн хүний нөөц дутагдалтай байна. Энэ олон хууль тогтоомжийн шаардлагыг мэдэж байж удирдлага, менежментийг урьдчилж харах ёстой болж байгаа юм. Тэгж байж хөрөнгө оруулагчийг эрсдэлээс хамгаална. Бас хөрөнгө оруулалтаа ч үр өгөөжтэй байлгана. Үргүй зардал гаргахгүй, цаг хугацаа алдахгүй.
Хөрөнгө оруулалтын аюулгүй орчныг бий болгохын тулд МУУҮА-аас кодексийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг идэвхтэйгээр хийж байна. Уул уурхайн салбарт “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийг гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байгаа. Кодекст тавигддаг шаардлагуудыг уул уурхайн компаниуд сайтар хангаад явбал олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх тал дээр нэлээд бодитой үр дүн гарна гэж харж байна.
Бид кодексийн хүрээнд хууль эрх зүйн шаардлагуудын ойлголтыг өгөх зорилгоор компаниудад заавар, зөвлөгөө өгч байгаа. Хууль эрх зүйн хувьд эрх, үүрэг, түүнийгээ хангасан бол ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэдэгт бид зөвлөнө. Хууль тогтоомжийн шаардлагууд, бүртгэл, зөвшөөрлийн асуудлууд нь тодорхой, хэрхэн шаардлагуудыг хангах гэдэг ойлгомжтой байх нь хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа тодорхой төлөвлөж, тогтвортой хэрэгжүүлэхэд нэмэр болох болов уу гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.
3 Сэтгэгдэл