Г.БААТАР
Эхний улиралд Хятадын Сэхэ боомт 3.32 сая тонн нүүрс импортолж дээд амжилт тогтоожээ. Орон нутгийн засаг захиргаанаас гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг оновчтой болгох зорилтоор худалдааны урсгалыг жигдрүүлэхээр чингэлэг, хил дамнасан тээврийн дэглэмийг хэрэгжүүлж байна.
Хоёрдугаар сарын үзүүлэлтээр тухайн боомтоор 1.08 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх сарынхаас 43.77 хувиар өссөн бөгөөд өдөрт дунджаар 50 мянган тонн нүүрс нэвтрүүлжээ. Өнгөрсөн сарын тухайд Сэхэ боомтын нүүрс импортын хэмжээ 1.49 сая тонн хүрч өмнөх сарынхаас 37.96 хувиар нэмэгдсэн байна. Хятадын талаас тухайн боомтоор 20 сая тонн нүүрсний импортыг хангахын тулд чингэлэг, жолоочгүй AGV тээвэр зэрэг горимыг дэмжиж буй.
Сэхэ нь Монгол Улсын Шивээхүрэн боомттой хиллэдэг бөгөөд хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын дараа ордог хилийн боомт юм.
Жил орчим зогсонги байсан Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг 2022 оны тавдугаар сарын 25-наас нээсэн билээ. Тус боомтод хувийн хэвшлийн “Монголын Алт” МАК компани чингэлэг тээврийн терминал барьж байгуулсан бөгөөд тус терминал ашиглалтад орсноор боомтын нэвтрүүлэх чадамж 3-4 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. тус компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Чингэлгийн уртын тээврийн гарцаар жилд 14 сая тонн, богинын тээврээр 10 сая тонн, харин “AGV буюу жолоочгүй машин” тээврээр 7 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэж буй”-г танилцуулсан.
Шивээхүрэн боомтын нүүрсний экспортын хэмжээ нийт 40 сая тоннд хүрнэ гэсэн үг. Тус боомтоор жилд дунджаар 10-15 сая тонн нүүрс экспортолдог.