Уул уурхайн салбарын жендэрийн салбар зөвлөл хуралдаж, Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланг хүлээж авчээ.
Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын эхний үе шат дууссан байна. Хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг хийхээр Канадын Мерит төслийн санхүүжилтээр олон улсын IRIM судалгааны байгууллага сонгон шалгарч 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн гүйцэтгэжээ. Энэхүү тайлангаа УУХҮЯ-нд хүлээлгэн (2023.04.18) өгсөн байна.
Өнөөдрийн хуралдаанаар Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланг IRIM судалгааны байгууллага, мөн 2022-2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын ахлах шинжээч А.Пүрэв танилцуулжээ.
Үнэлгээгээр бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбарын хэмжээнд үйл ажиллагааг явуулах шаардлагатай байна гэж хуралд оролцогчид үзсэн байна. Тус үнэлгээний тайлан, зөвлөмжийн дагуу 2026 он хүртэл жендэрийн бодлогыг оновчтой хэрэгжүүлж, салбар руу чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ажиллах, бодлогодоо нэмэлт өөрчлөлт хийхээр боллоо.