УИХ-д өргөн барьсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны (2023.04.19) хамтарсан хуралдаанаар хэлэлцэв.
Засгийн газраас (2023.04.14) өргөн мэдүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулжээ. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор 2021 оны есдүгээр сараас хойш хуримтлагдсан туслан гүйцэтгэгч компаниудын өр төлбөр болох 123 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулан 2023 оны эхний улиралд урьдчилж олсон орлого 286.4 сая ам.доллар буюу 50 хувиар буурч, “ЭТТ” бондын төлбөр болох 236,5 тэрбум төгрөг, 39 сая ам.долларыг амжилттай төлж барагдуулсан байна. Түүнчлэн ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамааруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгож, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн, компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд шаардлагагүй алба, нэгжүүдийг татан буулгаж, удирдах ажилтны тоог бууруулсан хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн зэрэг үр дүнгүүд гарч эхлээд буйг онцолжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, 900 гаруй тэрбум ам.долларыг улсын валютын нөөцөд оруулсан. Тогтоолын хүрээнд анх 500 мянган ам.доллар бүрдүүлэх үүрэг хүлээгээд байсан тус компани 6 сарын хугацаанд үүргээ давуулан биелүүлж, ийнхүү валютын нөөц бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг байнгын хорооны хуралдаанаар гишүүд тодотгосон байна.
Иймд онцгой дэглэм болон бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг зайлшгүй 6 сараар сунгаж, дээрх үр дүнг тогтвортой хадгалан цаашид улам сайжруулж, бүхий л үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн засаглал, бүтэц, менежментийг оновчтой болгох шаардлагатайг Д.Амарбаясгалан сайд илэрхийлжээ. УИХ-ын “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.