Нигери улс газрын тос боловсруулах үйлдвэртэй боллоо

Б.МИШЭЭЛ

Нигери улсад жилд 9 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ. Нээлтэд тус улсын ерөнхийлөгч Мухаммаду Бухари оролцож “газрын тосны тоглоомыг өөрчилсөн чухал үйл явдал болж байна” гэжээ.

Нигери нь дэлхийн хамгийн том түүхий газрын тос экспортлогч 10 орны нэг боловч импортын газрын тосны бүтээгдэхүүний хамааралтай байгаа юм. Тус улсын газрын тос боловсруулах шинэ үйлдвэр үйлдвэрийг Африкийн хамгийн баян хүн болох Алико Данготе-ийн эзэмшдэг Данготе групп барьжээ. 19 тэрбум ам.долларын өртгөөр боссон үйлдвэрийн тал зардлыг Данготе групп, үлдсэн хэсгийг дотоодын банкнуудаас зээлсэн байна. Данготе групп инженерчлэл, худалдан авалт, барилгын угсралтын ажлыг өөрөө гүйцэтгэсэн дэлхийн цөөн хэдэн компанийн нэг. Барилгын ажил 2016 оноос эхэлсэн байна.

Өдөрт 53 мянган тонн бензин, 34 мянган тонн дизель, 10 мянган тонн керосин, 2 мянган тонн нисэх онгоцны түлш үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүний 40-өөс доошгүй хувийг экспортлохоор төлөвлөж байгаа аж. Эхний бүтээгдэхүүн наймдугаар сарын эхээр гарна. Үйлдвэрийг дагаж шууд бус 100 гаруй мянган ажлын байр бий болж, 26,716 шатахуун түгээх станц, 129 агуулахтай болох төлөвтэй байна. Нигерид дөрвөн газрын тос боловсруулах үйлдвэр байдаг ч төрийн буруу менежментийн үр дагавраас болж зогсонги байдалд оржээ.

2021 онд Нигери нь 41.8 тэрбум ам.долларын түүхий газрын тос экспортолсноос Энэтхэг, Испани, АНУ, Франц, ӨАБНУ голлох худалдан авагч нь байжээ.