Дэлхийн зэсийн хомсдолоос сэргийлэхэд Escondida-тай тэнцэхүйц 8 үйлдвэр барих шаардлагатай

Э.ОД
Зэс нэн чухал ашигт малтмалын түвшинд хүрээгүй тул хомсдолд орох эрсдэлтэй түүхий эдийн жагсаалтад оруулах шаардлагагүй гэж АНУ-ын Геологийн алба (USGS) шийдвэрлэжээ.

Тэгвэл өнгөрсөн онд л тухайн металлын эрсдэлийн үнэлгээ нь чухал ач холбогдолтой ашигт малтмалын жагсаалтад автоматаар орох босго хэмжээнээс давсан гэдгийг Зэсийн хөгжлийн ассоциациас (CDA) мэдэгдсэн байна.

Дотоодын нийлүүлэлтийн сүлжээнд зэсийн хомсдол үүсгэж болзошгүй өнөөгийн болон хэтийн улс төрийн бодлогын шаардлагыг АНУ-ын Геологийн алба авч үзээгүй гэж CDA-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрю Кирета цохон тэмдэглэжээ. Тэрээр “Нийлүүлэлтийн чиг хандлага, тодорхой тоо баримтууд нь зэсийн нийлүүлэлтийн эрсдэл тодорхой, тэгэхдээ шуурхай, стратегийн арга хэмжээ авахгүйгээр засаж залруулах богино хугацааны асуудал биш гэдгийг баталж байна. АНУ-ын Геологийн албаны 2022 оны чухал ашигт малтмалын жагсаалтын хамгийн сүүлийн тооцоо нь 2014-2018 он хүртэл буюу таваас есөн жил хоцрогдсон мэдээлэлд үндэслэн зэсийг уг жагсаалтад оруулаагүй" хэмээжээ.

Зэсийн хөгжлийн ассоциацид Rio Tinto, BHP, Freeport-McMoRan зэрэг зэсийн томоохон компаниуд, мөн Mueller Industries гэсэн үйлдвэрлэгчид багтдаг байна.

АНУ нь чухал ашигт малтмалын жагсаалтыг гурван жил тутамд шинэчилдэг бөгөөд цахилгаан машины үйлдвэрлэлд шаардлагатай батарейны гол металлууд, тэр дундаа никель, лити, цайр зэрэг орсон байдаг.

Саяхан Европын Холбоо нь ирээдүйн эрэлт, нийлүүлэлтийн таамаглалд үндэслэн нэн чухал металл, стратегийн түүхий эдийн жагсаалтдаа зэсийг нэмсэн юм. 
Эх сурвалж: Mining.com

Дэлхийн зэсийн хамгийн том олборлогч Чилийн Codelco-ийн судалгаагаар, цэвэр эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд зэсийн хэрэгцээ одоогоор жилд 25 сая тонн байгаа бол 2032 он гэхэд 31 сая тонн хүрч нэмэгдэх төлөвтэй. Энэ нь хамгийн том зэсийн уурхай болох Escondida-тай тэнцэхүйц 8 үйлдвэрийг шинээр ирэх найман жилд барих шаардлагатай гэсэн үг. Салбарын хөрөнгө оруулалтын тухайд, 2030 он хүртэл жил бүр 4.7 сая тонн зэсийн хомсдолыг нийлүүлэх хэмжээний уурхай байгуулахад 100 тэрбум ам.доллар шаардлагатайг тооцоолжээ. 

Mining Intelligence-ийн эрэмбээр тэргүүлж буй ОХУ-ын хамгийн том зэсийн Удоканы ордыг III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж үйлдвэрлэлийн эхний шатыг энэ оны гуравдугаар улирлын сүүлээр эхлүүлэх тухай "Удоканская медь" компанийн Ерөнхий захирал Рафаэль Бекмухаметов мэдэгджээ. Эхний шатанд жилд 12 сая тонн хүдэр боловсруулах бөгөөд 15 сая тоннд хүргэх бол хоёр дахь шатанд жилд 27 сая тонн хүдэр боловсруулах аж. Удокан нь дэлхийд ашиглагдаагүй зэсийн томоохон ордуудын нэг, Оросын зэсийн хамгийн том орд юм. Эхний шатандаа 135 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг шатны өртөг нь 2.9 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.