Дэлхийн төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй ордуудын нэг болох Simandou төслийн дэд бүтцийн гэрээг Rio Tinto групп, Гвинейн Засгийн газар болон Winning Consortium Simandou (WCS)-тай (2023.08.12)үзэглэсэн байна. Талууд нэгдсэн тохиролцоонд хүрсэн гэсэн үг.
Rio Tinto-ийн Зэсийн группын захирал Б.Болд “Энэхүү тохиролцоонд хүрснээр Rio Tinto болон манай түншүүд болон Гвинейн Засгийн газар, мөн WCS консорциумын чадамж, туршлагыг нэгтгэн Simandou төслийн дэд бүтцийг байгуулах, улмаар дэлхийн хэмжээний өндөр чанарын төмрийн хүдрийн нөөцийг нээх юм. Дэлхийд мэдэгдэж байгаа хамгийн том ашиглагдаагүй эх үүсвэр Simandou нь манай Rio Tinto группын төмрийн хүдрийн багцыг бэхжүүлэх болно. Энэ түншлэл нь Гвинейн Засгийн газар, бусад бүх оролцогч талуудын харилцан итгэлцэл дээр суурилдаг бөгөөд Гвиней улс төдийгүй Баруун Африкийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг нээхэд туслах ёстой” хэмээн мэдэгджээ.
Simandou нь 1997 онд нээгдсэн ч өнөөг хүртэл ашиглагдаагүй төмрийн хүдрийн хамгийн "баян" ордод тооцогддог. Симандоу нуруунд орших эл орд төмрийн 65.8 хувийн дундаж агуулгатай нийт 2.8 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Харин Rio Tinto группын Австралиас олборлож буй төмрийн хүдрийн дундаж агуулга нь 60 хувьтай байдаг.
Өндөр чанарын төмрийн хүдрийн хүдрийн үлэмж нөөцтэй Simandou ордыг 4 хэсэгт хуваан ашиглах юм. Ордын 3,4 хэсэгт Simfer компани “Simandou“ төслийг хэрэгжүүлнэ. Уг төсөл нь олон жил яригдаж, хууль эрх зүйн маргаан, дэд бүтцийн барилгын нарийн төвөгтэй байдал, өртөг зардал зэргээс шалтгаалж хэрэгжүүлэх хугацаа хойшлогдож өнөөг хүрсэн. Simfer компанийн 15 хувийг Гвинейн Засгийн газар, 85 хувийг Simfer Jersey компани эзэмшдэг. Харин Simfer Jersey-ийн тухайд 53 хувь Rio Tinto, 47 хувийн Chalco Iron Ore Holdings-ийн хамтарсан компани юм. Хятадын талын Chalco Iron Ore Holdings-д Chinalco, Baowu, China Rail Construction, China Harbour Engineering зэрэг компаниуд хувь оролцоотой.
Тэгвэл ордын 1,2 хэсгийг ашиглах WCS консорциумын хувьд Winning International Group болон Weiqiao Aluminium тус бүр 49.99 хувь, United Mining Suppliers 0.02 хувийн эзэмшилтэй. WCS-тэй өмнө нь China Baowu Steel групп гэрээ байгуулсан тул тус гэрээгээр 1, 2 хэсэгт WCS-ийн түнш болж магадгүй.
Simandou ордын төмрийн хүдрийг экспортлох зориулалтаар нийт 600 км орчим төмөр зам байгуулах шаардлагатай. Дэд бүтцийг хамтран ашиглах, холбоотой зардлуудыг тус бүрдээ хариуцах аж.
Орд газарт Хөрөнгө оруулалтын гэрээ, холбогдох хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулах талаар түншүүдийн хэлэлцээр үргэлжилж буйг Rio Tinto мэдэгдэлдээ дурджээ.