Австралийн металлын экспорт эрчим хүчний нүүрснийхийг давна

Э.ОД

Австралийн Засгийн газрын Аж үйлдвэр, шинжлэх ухаан, нөөцийн газраас гаргадаг улирлын ээлжит тайлангийн мэдээллээр, эрчим хүчний шилжилтэд чухал металлын экспортын жилийн орлого 26.6 тэрбум ам.доллароос дээш байх төлөвтэй. Тэгвэл тус улсын эрчим хүчний нүүрсний экспортын орлого өмнөх жилийн 64 тэрбум австрали доллароос 38 тэрбум австрали доллар болж буурахаар буйг тайланд дурджээ. Энэ нь экспортын хэмжээ бус харин үнэ ханшаас шалтгаалж байгааг онцолсон байна. Өөрөөр хэлбэл Орос, Украйны зэвсэгт мөргөлдөөнөөр үүдсэн нүүрсний үнийн өсөлт арилж, далайгаар тээвэрлэх эрчим хүчний нүүрсний үнэ буурсантай холбон тайлбарлажээ.

Австралийн Засгийн газрын урьдчилан тооцоолж буйгаар энэ санхүүгийн жилд тус улсын эрчим хүчний нүүрсний экспортын хэмжээ 201 сая тоннд хүрч нэмэгдэнэ. Өнгөрсөн онд 178 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолжээ. Долоодугаар сарын сүүлийн байдлаар, Ньюкасл боомтод эрчим хүчний нүүрсний үнэ 158 доллар/тонн байсан бол өнгөрсөн оны мөн үед тухайн нүүрс 303 доллар буюу өнөөгийнхөөс бараг 2 дахин үнэтэй байв.

Уг тайланд, литийн үнэ буурна гэж таамаглажээ. Долоодугаар сарын 1-нээс эхэлсэн санхүүгийн жилд Австралийн литийн экспорт 18 тэрбум австрали доллар болж өмнөх оны 19 тэрбум австрали доллароос буурна гэж үзэж байна. Зэсийн экспорт өмнөх жилийн 12 тэрбум австрали доллароос энэ онд 13 тэрбум австрали доллар болж өсөх төлөвтэй. Түүнчлэн никель, цайрын экспорт ч нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Австралийн түүхий эдийн хамгийн том экспортын бүтээгдэхүүн төмрийн хүдрийн хувьд үнийн бууралтыг дагаад экспортын орлогыг буурах магадлалаар энэ санхүүгийн жилд 110 тэрбум австрали долларын орлого олно гэжээ.

Тайланд онцолсон гол зүйл бол Орос, Украины дайны нөхцөл байдлын эрчим хүчний түүхий эдэд үзүүлэх нөлөө багасаж байна. Харин Австрали улс эрчим хүчний шилжилтийн гол металлуудын экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч буй.

Австрали улс литийн хамгийн том экспортлогч бол зэсийн экспортоор дэлхийд дөрөвдүгээрт ордог. Мөн манганы гурав дахь, никелийн тав дахь том үйлдвэрлэгч юм. Эрчим хүчний нүүрсний тухайд Индонезийн дараа ордог дэлхийн хоёр дахь том экспортлогчоос гадна коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч орон.