
Энэ ажлын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар тэргүүтэй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотод Азийн хөгжлийн банкны (АХБ) дэд ерөнхийлөгч Лаваса Ашок, Зүүн Азийн газрын захирал Тереса Хо, Санхүүгийн газрын захирал Эмма Фан, Зах зээлийн хөгжүүлэлт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын захирал Шах Сидхарта болон холбогдох албаныхантай уулзаж, Монгол Улсад шинээр батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар хэлэлцжээ.
Уулзалтаар томоохон дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь улс орны хөгжлийн зорилтуудыг хангах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлдэг олон улсад танигдсан сайн туршлага болохыг онцлон тэмдэглэж, мэргэшсэн байгууллага, чадавхтай хүний нөөцийг бүрдүүлж, амжилттай төсөл хэрэгжүүлэх ач холбогдол, боломжийн талаар санал солилцож, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: Эдийн засгийн хөгжлийн яам