Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2023.09.15) төмрийн баяжмалыг биржээр борлуулах нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Эрдэнэс Монгол" ХХК, "Монголросцветмет" ТӨҮГ, "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн төлөөлөл оролцож цан цохисноор арилжааг нээв.
Эхний арилжаанд "Монголросцветмет" ТӨҮГ 65 хувийн агуулгатай, 17 багц, 51 мянган тн төмрийн баяжмалыг 90 ам.доллароор санал болгосон. Түүнчлэн тус компани 14 цагт 65 хувийн агуулгатай, 7 багц, 21 мянган тонн төмрийн баяжмалыг 93 ам.доллароор арилжих юм.
Арилжаанд оролцох хоёр дахь оролцогч бол "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК. Дархан төмөрлөгийн үйлдвэр 16 цагт 58 хувийн агууламжтай, 2 багц, 6800 тн төмрийн баяжмалыг 56 ам.доллароор санал болгожээ.
Монгол Улс ашигт малтмалын бүтээгдэхүүнийг биржээр борлуулах болсон. Биржээр ашигт малтмалын бүтээгдэхүүнийг борлуулах нь ил тод байдлыг хангана хэмээн онцолж буй. Энэхүү ажил өнгөрсөн 7 дугаар сараас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Эхний ээлжид нүүрсний борлуулалттай амжилттай явагдсан. Харин Монголын хөрөнгийн бирж ХК 9 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан. Уг тогтоолын дараа "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулаад байна.