Уул уурхайн компаниуд жил бүр 7-15%-ийн сайжруулалт хийх шаардлагатай

Future Minerals Forum (FMF) буюу Ирээдүйн Эрдэс Форум болон Райсын Их Сургуулийн Бэйкерийн хүрээлэн хамтран боловсруулсан шинэ судалгаагаа олон нийтэд танилцуулсан байна. Уг судалгаанд уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжил нь зөвхөн ашигт малтмалын томоохон нөөц, олборлолтын хэмжээнээс бус, төр, хөрөнгө оруулагч болон орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан хамтын үнэ цэнийг хэрхэн бий болгож чадсанаас шалтгаална гэж үзжээ. 

Тус судалгаанд уул уурхай нь дэлхийн эдийн засгийн хөгжил, эрчим хүчний шилжилт, аж үйлдвэржилтийн суурь салбар хэвээр байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулахад гардаг хүндрэл болон уул уурхай эрхлэх зөвшөөрөл авах, нийгмийн дэмжлэг, засаглалын асуудал төслүүдийн хэрэгжилтийг удаашруулдаг гэдгийг онцолсон байна. 

Судалгааны гол санаа нь хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээс илүүтэй бодит хэрэгжилтийн механизм руу шилжих шаардлагатай хэмээсэн. 

Түүнчлэн уул уурхайн төслөөс бодит үр өгөөж хүртэхийн тулд байгалийн нөөц эзэмшигч орнууд харьцангуй давуу талаа зөв тодорхойлох, хөрөнгө оруулалтыг хамгаалах тогтвортой бодлого хэрэгжүүлэх, дэд бүтэц болон үр өгөөжийн шударга хуваарилалтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгааг тэмдэглэжээ. 

Уул уурхайн салбар нь зөвхөн хүдэр олборлодог үйлдвэрлэл бус, ус, эрчим хүч, зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд зэрэг орон нутгийн хөгжлийг дэмждэг салбар гэж тодорхойлох шаардлагатай гэдгийг тодотгосон байна. 

Мөн олборлолтын өртөг жилээс жилд өсөж буйг онцолжээ. Үүнд хайгуулын зардал нэмэгдэх, олборлолтын түвшин жилд дунджаар 40 метрээр тэлэх, хүдрийн агуулга буурах, эрчим хүч болон хөдөлмөрийн зардал урт хугацаанд инфляцаас хурдан өсөх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг дурдсан байна. Үүний улмаас ихэнх уул уурхайн компаниуд жил бүр 7–15 хувийн чанар, үр ашиг болон үйл ажиллагааны сайжруулалт хийхгүйгээр өнөөгийн өрсөлдөх чадвараа хадгалах боломжгүй гэж судлаачид үзжээ.

Үүнээс гадна төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, засаглалын чадавхыг сайжруулах, уул уурхайн төслүүдийн үр өгөөжийг ил тод хуваарилах тогтолцоог хөгжүүлэх нь хөрөнгө оруулалт татах, урт хугацаанд тогтвортой уул уурхайн салбар бүрдүүлэх үндэс болно гэсэн байна.