Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар “Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг мэдээлэл (2026.06.23) өглөө.
Тэрбээр хэлэхдээ, "Үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байна. Мөн үйлдвэрийн гол байгууламж болох нэрэх цамхгийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн. Нэрэх цамхгийн өндөр 58,4 метр, диаметр 3,2 м, жин 245 тонн бөгөөд 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай явна" гэв.
Монгол Улсын 2026 он гарснаас хойш эхний таван сард автобензин, дизель түлш болон онгоцны түлшний нийт 1.3 сая тонн бүтээгдэхүүнийг 1.1 тэрбум ам.доллароор импортолсон байна.





















