Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн IX үеийн төгсөлтөөр 71 төгсөгч тус сургуулийг амжилттай дүүргэсэн байна.
Төгсөлтийн үеэр Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитцийн баярын мэндчилгээг уламжилж, GIZ-ийн МГТИС төслийн удирдагч Сибастиан Бургхоф нар мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Мөн "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал төгсөгчдөд зориулсан ёслолын илтгэл тавьж, ирээдүйн ажил хөдөлмөрт нь амжилт хүсжээ.
МГТИС-ийн төгсөгчид суралцах хугацаандаа үндэсний болон олон улсын хэмжээний олимпиад, эрдэм шинжилгээний хурал, тэмцээнүүдэд амжилттай оролцсон байна. Тухайлбал, “Монгол Инженер” улсын олимпиадад 2024, 2026 онд Т.Улсболд I байр, 2026 онд Б.Марал III байр, “German-Kazakh University”-аас зохион байгуулсан SDG-2025 олон улсын олимпиадад У.Айсулу II байр эзэлсэн. Мөн МУИС, Экологийн тэнхимээс зохион байгуулсан Экологийн хакатон тэмцээнд Э.Ариунцэцэг, У.Айсулу, М.Оюунжаргал, О. Уянга багаараа оролцон I байр, Экологийн олимпиадад Г.Номин-Эрдэнэ III байр, мөн 2023 оны улсын химийн олимпиадад Мөнх-Оргил хүрэл медаль, Оюунжаргал мөнгөн медаль эзэлсэн олон олон амжилтуудыг үзүүлсэн чадварлаг боловсон хүчин төгсөж байна.
Төгсөгчдийн дундаас Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийн оюутан Э.Ариунцэцэг дөрвөн жил дараалан DAAD Sur-place тэтгэлэг хүртсэн бол Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэлийн хөтөлбөрийн оюутан О.Сайнзаяа гурван жил дараалан Sur-place болон нэг жил DAAD TNB тэтгэлэг хүртжээ.
Эх сурвалж: МГТИС
























