Э.ОД
Төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу орд дахь төслийн Хятадын талын санхүүжилт хойшлогдож, Rio Tinto хөрөнгө оруулалтаа дангаар хийж байна. Англи-Австралийн уул уурхайн групп болон Chalco Iron Ore Holdings (CIOH) хамтарсан “Simfer” компани нь ордын 2 талбайг ашиглах эрхтэйгээр төсөл хэрэгжүүлж буй. Хятадын консорциум уг төслийн хөрөнгө оруулалттай холбоотой өөрийн орны Засгийн газраас зөвшөөрөл авах хугацаа хойшлогдсон байна. CIOH-ийн 75 хувийг China Aluminium Corporation (Chinalco), 20 хувийг Baowu Steel, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) болон China Harbor Engineering Company (CHEC) тус бүр 2.5 хувийг эзэмшдэг. Хамтарсан тал хөрөнгө оруулах хүртэл “Simandou” төслийг Rio Tinto дангаар санхүүжүүлж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Төслийн хөгжүүлэлтэд энэ онд Rio Tinto 800 сая ам.доллар зарцуулж байгаа бол ирэх хоёр жилд нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Гвинейн улс төрийн өөрчлөлт, өмчлөлийн нарийн төвөгтэй бүтэц болоод хууль эрх зүйн маргаан, 600 км төмөр замын дэд бүтцийг байгуулахад байгаль орчны хүнд нөхцөлтэй зэрэг асуудлуудаас шалтгаалан Симандоу ордын ашиглалт олон жил хойшилж ирсэн. Тэгвэл энэ цаг үед ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл амжилттай урагшилж буйг Гвиней улсын Уул уурхайн сайд Рафаэл Гнамбаламу мэдэгджээ.
Симандоу ордыг 4 хэсэгт хуваан ашиглана. Ордын 3,4 талбайд “Simandou“ төслийг хэрэгжүүлж байгаа “Simfer” компанийн 15 хувийг Гвинейн Засгийн газар, 85 хувийг Simfer Jersey компани эзэмшиж байна. Харин Simfer Jersey нь 53 хувийн Rio Tinto, 47 хувийн CIOH-ийн хамтарсан компани юм.
Ордын 1,2 талбайг ашиглах WCS консорциумын хувьд Сингапурын Winning International Group болон Хятадын Weiqiao Aluminium тус бүр 49.99 хувь, United Mining Suppliers 0.02 хувийн эзэмшилтэй. WCS-ийн төслийн талбайд 10 мянга гаруй хүн ажиллаж байна.
Симандоу ордын төмөр замын дэд бүтцийг байгуулах зардлыг WCS-тэй хуваалцахаар тохиролцоонд хүрснээр “Simfer” компанийн төслийн талбайд ажиллагсдын тоо 3000 хүрчээ.