Канад: Хятадаас илүү найдвартай түнш хайж байна

Э.МИШЭЭЛ

Канад эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай критикал минералын нийлүүлэлт, боловсруулалтад Хятадаас илүү "найдвартай" худалдааны түнш орнуудтай хэлэлцээ хийхийг хүсэж байгаа гэдгээ мэдэгджээ.

Канадын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Жонатан Вилкинсон "Дэлхийн критикал минералын ихэнх нөөцийг Хятад хянадаг. Бид критикал минералын хувьд Хятадын геополитикийн худалдааны ертөнцөд амьдардаг бөгөөд бидэнтэй адилхан үнэт зүйлстэй улс орнууд шиг найдвартай түнш биш байж магадгүй" гэж Лондон хотод болсон Канад-Их Британийн критикал минералын хөрөнгө оруулалтын форумын үеэр хэлжээ.

Жонатан гуравдугаар сард Хятадын төрийн хөрөнгө оруулагчдыг Teck Resource, Ivanhoe Mines, First Quantum Minerals зэрэг томоохон уул уурхайн компаниудын хувьцаанаас татгалзахыг албадахгүй гэж мэдэгдэж байв.

БНХАУ нь дэлхийн никелийн 68 хувь, зэсийн 40 хувь, литийн 59 хувь, кобальтын 73 хувийг дангаараа цэвэршүүлж байна. Тус улс өнгөрсөн 7 дугаар сард дэлхийн никелийн хяналтаа нэмэгдүүлэх үүднээс Хөхнуур мужийн Шархам никель, кобальтын уурхайн зураг төслийн ажлыг эхлүүлж байсан юм. Тус уурхай нь 1.1 сая тн никель, 217,600 тн зэс, 38,100 тн кобальтын нөөцтэй. Энэхүү ордын никелийн нөөц нь Хятадад хоёрт орох хэмжээ юм.