Э.МИШЭЭЛ
Үндэсний статистикийн хорооноос гадаад худалдааны оны эхний 10 дугаар сарын мэдээллийг танилцууллаа (2023.11.15). Тус мэдээллээс тоймлон хүргэе.
Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Монгол Улсын нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9 (16.9%) тэрбум ам.доллароор, экспорт 2.4 (24.3%) тэрбум ам.доллароор, импорт 458.5 (6.5%) сая ам.доллароор, тэнцэл 2.0 (67.6%) тэрбум ам.доллароор тус тус өсжээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллароор өсжээ
2023 оны эхний 10 сард эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 2.345 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2.046 тэрбум ам.доллар, газрын тос 136.9 сая ам.доллар, жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 30.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
2023 оны эхний 10 сарын байдлаар экспортын 45.4 хувь нь Гашуунсухайт, 23.1 хувь нь Замын -Үүд, 11.9 хувь нь Шивээхүрэн боомтоор тус тус хийж, эдгээр нь нийт экспортын 80.4 хувийг эзэлж байна. Импортын 49.9 хувь нь Замын-Үүд, 23.8 хувь нь Сүхбаатар боомтоор тус тус хийж, эдгээр нь нийт импортын 74.1 хувийг эзэлж байна.
2023 оны 10 дугаар сард экспорт өмнөх сараас 119.5 (9.2%) сая ам.доллароор, импорт 4.5 (0.6%) сая ам.доллароор тус тус буурсан байна. 2023 оны 10 дугаар сарын хилийн дундаж үнийн үзүүлэлт:
Алтны үнэ өмнөх сараас унц тутамд 18.7 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 6.5 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 13.6 ам.доллароор тус тус өсөж, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 57.7 ам.доллароор буурсан байна.
БНХАУ-д экспортолсон барааны 61.6 хувийг чулуун нүүрс, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 94.5 хувийг эзэлж байгаа бол импортын 69.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ
1 Сэтгэгдэл