АНУ-ын Пентагон германийн стратегийн нөөцтэй ч одоогоор галлийн нөөцгүй байна

Э.ОД

БНХАУ-ын дарга Си Жинпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар (2023.11.15) Сан Франциско хотноо 4 цагийн уулзалт хийж, хоёр орны асуудлыг хэлэлцсэн билээ. Айлчалын дараагаар хоёр улсын худалдааны гол асуудлуудыг хэвлэл мэдээллүүд хөндөж, судалгааны тайлангууд гарч байна.  

АНУ-ын Конгрессоос танилцуулсан шинэ тайланд, тус улс Хятадын критикал минералын экспорт болон дэлхийн чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Хятад улс газрын ховор элементийн баяжмалын экспортоо 40-50 хувиар бууруулах замаар дэлхийн нийлүүлэлтийг тасалдуулж болзошгүй гэж АНУ-Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын үнэлгээний хорооны тайланд дурджээ. Энэ нь АНУ-ын батлан хамгаалах системийн зарим бүрэлдэхүүн хэсгийн түүхий эдийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. АНУ-ын газрын ховор элемент, бусад чухал ашигт малтмалуудын гол эх үүсвэр нь Хятад юм.

2023 оны наймдугаар сарын 1-нээс Хятад улс галли, германи болон тухайн металлыг үйлдвэрлэхэд ашиглагддаг түүхий эдүүдийн экспортод хяналт тавих болсон. Тэгвэл өнгөрсөн сард тус улсын Засгийн газар бал чулууны зарим бүтээгдэхүүнийг экспортлоход зөвшөөрөл шаардана гэдгийг мэдэгдсэн.

АНУ-ын Пентагон нь германийн стратегийн нөөцтэй ч одоогоор галлийн нөөцгүй байна. Тус улсын галлийн хэрэглээний 95 гаруй хувийг хагас дамжуулагчийн нэг бүрэлдэхүүн болох мэдрэмтгий электрон төхөөрөмжид зориулсан ялтас аж. Хэрэв Хятад галли, германи нийлүүлэлтээ бүрмөсөн зогсоох нөхцөлд дэлхийн хэмжээний нөөц хэдэн сарын дотор дуусаж магадгүй" гэж тайланд тэмдэглэжээ.

Сенкаку арлуудын нутаг дэвсгэрийн маргааны улмаас 2010 онд Хятад ховор элементийн экспортоо хоёр сарын хугацаанд Япон руу хязгаарласан, гэхдээ албан ёсоор зарлаагүй байна. Улмаар Япон улс ханган нийлүүлэлтийг төрөлжүүлж, хилийн чанад дахь төслүүдэд хөрөнгө оруулснаар Хятадын газрын ховор элементээс хараат байдлаа бууруулж буй.