Rio Tinto төмрийн хүдрийн Simandou төсөлд 6.2 тэрбум ам.доллар төсөвлөжээ

Э.ОД

Гвиней улс дахь төмрийн хүдрийн Simandou төслийн төмөр замын болон боомтын бүтээн байгуулалтад ойролцоогоор 6.2 тэрбум ам.доллар зарцуулна гэж Rio Tinto групп (2023.12.06) мэдэгджээ. Simandou нь төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийн хамгийн том төсөл болох бөгөөд 2025 онд ашиглалтад орсноор далайн тээврийн нийлүүлэлтийг 5 орчим хувиар нэмэгдүүлэх аж.

Rio Tinto нь Хятадын Chalco Iron Ore Holdings (CIOH) болон Гвинейн Засгийн газартай хамтран байгуулсан “Simfer” компаниар дамжуулан Simandou ордын хоёр талбайг ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Тус хамтарсан компанийн 53 хувийг Rio Tinto, үлдсэн хувийг CIOH эзэмшиж байна. Simandou төслийг хөгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт 11.6 тэрбум ам.доллар болно гэж Rio Tinto мэдэгдэлдээ дурджээ.

Rio Tinto-ийн Зэсийн группийн захирал Б.Болд "Rio Tinto-ийн гангийн үйлдвэрлэлийн багцыг бэхжүүлэхэд Simandou нь өндөр чанарын төмрийн хүдрийн чухал шинэ эх үүсвэр болно" гэжээ. 2024-2026 онд тус групп 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй бөгөөд 2024 оноос хойш Монгол дахь Оюутолгой төслийн зардал буурах тул хөрөнгө оруулалтын дийлэнхийг Simandou-д зарцуулахаар байна.Хамтарсан “Simfer” компанийн эзэмшлийн хоёр талбайгаас төмрийн хүдрийн анхны олборлолтыг 2025 онд эхэлж, 30 сарын дотор жилийн хүчин чадлыг 60 сая тонн хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.  

Simandou ордын үлдсэн хоёр талбайг Сингапурын Winning International групп, Weiqiao Aluminium (China Hongqiao группийн нэг хэсэг) болон United Mining Suppliess зэрэг компаниуд багтаасан Winning Simandou Consortium (WCS) эзэмшиж байгаа юм.

Үндсэн 4 талбайд хуваан ашиглах Simandou ордын өндөр чанарын төмрийн хүдрийг экспортлох зориулалтаар нийт 600 км орчим төмөр зам байгуулах шаардлагатай. Дэд бүтцийг хамтран ашиглах, холбоотой зардлуудыг талбай эзэмшигч компаниуд тус бүрдээ хариуцна.