Ураны үнэ Фүкүшимагийн ослоос хойш дээд цэгт хүрэв

Э.МИШЭЭЛ
Ураны үнэ өнгөрч буй 7 хоногийн дундуур нэг фунт нь 92.05 ам.доллар болж Фүкүшима АЦС-ын ослоос хойш дээд цэгт хүрсэн үйл явдал боллоо. Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь COP28 уулзалтаар цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 2050 онд 2020 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгсөнтэй холбоотой юм. Тус амлалтад АНУ, Япон, Канад, Их Британи, Франц зэрэг 24 улс нэгдсэн.
Харин цөмийн эрчим хүчийг нэмэхэд шаардлагатай ураны нөөц дутагдалтай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Нэг фунт уран 2007 онд 136 ам.доллар хүрсэн нь хамгийн өндөр өсөлт байсан. Ингэж өссөн шалтгаан нь дэлхийн хамгийн том ураны Канадын Cigar Lake гүний уурхай усанд автсанаас үүдэлтэй байжээ. Тус уурхайн 50.025 хувийг Канадын төрийн өмчит Cameco, үлдсэн хувийг Францын Orano Canada, Японы Idemitsu, TEPCO хуваан эзэмшдэг байна.