Ураны үнэ 15 жилийн дээд үзүүлэлтэд ойртож байна

Э.ОД

Дэлхийн ураны хамгийн том үйлдвэрлэгч Казатомпром компани ойрын 2 жилд олборлолтын зорилтод хэмжээндээ хүрч чадахгүй байх магадлалтайг мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийн дараагаар өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт (2024.01.12) ураны ханш сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрч өсжээ. Хүхрийн хүчлийн хомсдол, шинэ уурхайн бүтээн байгуулалтын удаашрал 2025 он хүртэл үргэлжилж болзошгүй нь Казатомпромын ураны олборлолт, үйлдвэрлэлийг бууруулах гол эрсдэл гэжээ. Хүдрээс ураны салган олборлоход хүхрийн хүчлийн ашигладаг.

Өнгөрсөн жил ураны үнэ 2 дахин нэмэгдсэн бөгөөд одоогоор нэг фунт нь 97.45 ам.доллароор арилжаалагдаж байна. 2023 оны гуравдугаар сараас хойш ураны үнэ тасралтгүй өссөөр байна. 2007 оны зургаадугаар сард шар нунтгийн ханш 136 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлтэд тооцогддог. Японы Фүкүшима АЦС-ын ослын дараа ураны ханш 18 ам.доллар хүртэл унаж байв.


2023 оны арванхоёрдугаар сард АНЭУ-ад болсон НҮБ-ын COP28 хурлаар дэлхийн 22 улс 2050 он гэхэд цөмийн эрчим хүчийг 3 дахин нэмэгдүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Үүнд Монгол, Марокко, Гана, Молдав, Польш гэсэн цөмийн эрчим хүчгүй 5 улс багтсан юм. Харин Орос, Хятад улс ороогүй. Энэхүү тунхаглалыг үзэглэсэн үйл явдал нь мөн ураны ханшийн өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Уг амлалтад нэгдээгүй Хятадын хувьд атомын цахилгаан станцын бүтээн байгуулалтаар дэлхийд тэргүүлсэн хэвээр юм. Тус улс 2023 он гэхэд АЦС-ын нийт хүчин чадлыг бараг хоёр дахин нэмэгдүүлж 100 ГВт хүргэхээр төлөвлөжээ. Дэлхийн хэмжээнд шинээр баригдаж буй цөмийн эрчим хүчний 58 реакторын 22 нь Хятадад байгуулагдаж байна.


Тэгвэл ураны хэрэглээнийхээ 1/5-ээс илүүг Оросоос импортолдог хараат байдлаа бууруулах зорилтоор АНУ нь дотоодоосоо уран нийлүүлэх хуулийн төслийг арванхоёрдугаар сард Конгрессоор хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд тус улсын хамгийн дэвшилтэт реакторуудыг ажиллуулахад шаардагдах өндөр агуулгатай, бага баяжуулсан ураны түлшийг 2027 оны эцэс гэхэд дотоодын эх үүсвэрээс авахаар тусгажээ. Одоо уг хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурахаар хүлээгдэж байна.