Fenwei: Хятадын коксжих нүүрсний импорт 59 хувиар өссөн, гэхдээ 2024 онд...

Э.ОД

Нүүрсний зах зээлийн судалгааны Fenwei-ийн "Хятадын коксжих нүүрс, коксын зах зээлийн 2023 оны судалгаа ба 2024 оны урьдчилсан төлөв" тайланд дурдсанаар өнгөрсөн онд Хятадын дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлт 2022 оныхоос 0.1 хувиар буурч 493 сая тонн болсон байна. Харин коксжих нүүрсний импорт 102 сая тоннд хүрч өмнөх жилтэй харьцуулахад 59.5 хувиар өсжээ.

Тэгвэл тайланд, Хятадын дотоодын коксын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсээр байгаа тул 2024 онд өсөлт үргэлжлэх төлөвтэйг дурджээ. Гэхдээ эрэлтэд дотоод, гадаад зах зээлийн нөхцөл байдал нөлөөлж болзошгүйг онцолсон байна. Дотоодын тухайд, уурхайн аюулгүй байдлын хяналт шалгалтын улмаас олборлолт буурах хандлагатай байгаа тул баяжуулсан коксжих нүүрсний нийлүүлэлт багасах магадлалтай аж.
Гадаад зах зээлийн хувьд Хятадын коксжих нүүрсний импорт нь 2024 онд импортын тарифыг сэргээх, шинэ коксын зуухны нүүрс импортлох эрэлт (жишээ нь Австралийн нүүрс), мөн Монгол болон Оросоос нүүрсний нийлүүлэлт тогтвортой байх эсэх зэргээс шалтгаалан буурах магадлал бий. Иймээс нийлүүлэлт буурч, эрэлт өндөр тохиолдолд тэнцвэргүй байдлаас коксжих нүүрсний үнэ өсөж мэдэхээр байгааг дурджээ.

2023 онд Хятад улс нүүрсний импортын тарифыг тэглэх бодлогоо үргэлжлүүлснээр коксжих нүүрсний импорт түүхэн дээд хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн байна. Коксжих нүүрсний эрэлт, нийлүүлэлт харьцангуй тэнцвэртэй байснаар үнэ өмнөх жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан. Тухайлбал Шаньсигийн коксжих нүүрсний CCI индекс өнгөрсөн онд дунджаар 2159 юань/тн болсон нь өмнөх жилийн мөн үеэс 560 юань/тонноор буурчээ.

Хятадын макро эдийн засгийн орчин сайжирч, гангийн эрэлт сэргэсэн нь 2023 онд тус улсын коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх гол хүчин зүйл болжээ. Өнгөрсөн жилийн эхний хагаст Хятадын дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлт тогтмол өсөж Монгол болон Оросын нүүрсний импорт нэмэгдсэн. Түүнчлэн Австралийн нүүрсний импортод тавьсан албан бус хоригийг цуцалсан нь нийт импортын өсөлтөд нөлөөлсөн аж. Оны сүүлийн хагаст уурхайн осол, аюулгүй ажиллагааны хяналт шалгалтын улмаас нүүрсний уурхайн үйлдвэрлэл байнга тасалдаж, улмаар дотоодын зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт багасжээ.