БНХАУ 474 сая тонн нүүрс импортолжээ

Э.МИШЭЭЛ

Өнгөрсөн онд БНХАУ 474.42 сая тонн нүүрс импортолсон гэж тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Энэ нь өмнөх оноос 61.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Мөн өнгөрсөн 12 дугаар сард 47.3 сая тонн нүүрс худалдан авсан нь 11 дүгээр сараас 8.7 хувиар өсжээ. Ингэж өсөх болсон шалтгаан нь 2024 оноос нүүрснээс импортын татвар авч магадгүй гэдгээс үүдэлтэй. Түүнчлэн хоёрдугаар сарын 10-нд эхлэх Цагаан сартай холбогдуулан худалдан авагчид он гарснаас хойш нөөцөө бүрдүүлж эхэлжээ. 

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн сард чөлөөт худалдааны хэлэлцээргүй орнуудын нүүрсэнд 3-6 хувийн импортын татварыг сэргээнэ гэдгээ зарласан. Энэхүү шийдвэр нь Монгол Улс, ОХУ-д голлон мөрдөгдөнө. Гэсэн хэдий ч эдгээр улсын нүүрсний хямд үнийн давуу тал хадгалагдана гэж худалдаачид үзэж байна. 2023 онд БНХАУ, Монгол Улсын төмөр замын харилцаа сайжирч, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх болсон нь нүүрсний импортыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Өнгөрсөн онд Индонези 220.25 сая тонн нүүрс БНХАУ руу экспортолсноор хамгийн том нийлүүлэгчийн байр суурийг хэвээр хадгалсан. Тус улсаас гадна ОХУ-ын нүүрсний хэмжээ 50 хувиар өсөж, 102.13 сая тонн хүрчээ. Мөн хоригт орж 2022 онд 2.86 сая тонн нүүрс экспортолж байсан Австрали өнгөрсөн онд 77.51 сая тонн нүүрс Хятадад борлуулжээ. 

Эх сурвалж: Reuters