Монголын хөрөнгийн биржээр он гарснаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний 41 арилжаа (2024.01.05-02.01) явагдлаа. Энэ хугацаанд 1.5 сая тонн нүүрс, 111 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал арилжсан байна.
Өнгөрсөн хугацаанд 23 нүүрсний биржийн арилжаа явагдлаа. Биржийн арилжаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.2 сая тонн нүүрсийг 143 сая ам.доллар, "Энержи Ресурс" ХХК 243 мянган тонн нүүрсийг 289 сая юань, "Хангад Эксплорэйшн" ХХК 12 мянган тонн нүүрсийг 14 сая юаниар тус тус арилжив. Үнийн дундаж өсөлт 12 хувьтай байсан. Хамгийн өндөр өсөлт 1/3 коксжих нүүрс 29.18 хувьд хүрч тонн тутмыг 115.1 ам.доллароор арилжсан байна. Хамгийн их арилжаанд оролцсон баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 1387 юань/тн байв.
Мөн хугацаанд 18 төмрийн хүдэр, баяжмалын биржийн арилжаа явагдлаа. Арилжаанд "Монголросцветмет" ТӨҮГ 99 мянган тонн төмрийн баяжмалыг 8 сая ам.доллар, "Монголросцветмет" ТӨҮГ 12.6 мянган тонн төмрийн хүдрийг 945 мянган ам.доллароор тус тус арилжлаа. Төмрийн баяжмал FE-65% дундаж үнэ 107 ам.доллар, төмрийн хүдэр FE-58% дундаж үнэ 79 ам.доллар, төмрийн хүдэр FE-52% дундаж үнэ 75 ам.доллар байжээ.
Монголын хөрөнгийн биржээр хоёрдугаар сарын 9-нийг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний 20 дуудлага арилжааны хуваарь тавигджээ.
Э.МИШЭЭЛ