Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр бүтээн байгуулалт өндөрлөж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Монголын анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр замаар тээвэр хийж эхэллээ. Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу төмөр замын барилгын ажлыг “Тавантолгой төмөр зам” компани 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Тус төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим тогтмол ажлын байр бий болж, байгаль орчны эрсдэл, бохирдол 74 хувиар буурна хэмээн тооцоод буй. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд нийт давхардсан тоогоор 5000 гаруй ажилчид, 200 гаруй аж ахуйн нэгж оролцжээ. Төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК ажилласан бөгөөд бүтээн байгуулалтын ажилд 28 сарын хугацаа зарцуулжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс зэрэг ачаа бараа тээвэрлэх боломж бүрдэх юм. Нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурах төдийгүй Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдэх, жилд ойролцоогоор 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн урьдчилсан хүлээлт байна.