Хятадын уул уурхайн хувийн хэвшлийн Zijin Mining компани нь өөрийн орны Засгийн газраас зөвшөөрөл авсны дараа Түвд дэх зэсийн Qulong цогцолбор төслийн хоёр дахь шатны томоохон өргөтгөлийн ажлыг эхлүүлж байгаагаа (2024.02.23) зарлажээ. Өргөтгөл хийгдсэнээр дэлхийн хамгийн том зэсийн уурхай болно гэж мэдэгдэлдээ онцолсон байна.
БНХАУ-ын Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу 2025 он гэхэд Qulong уурхайн хүчин чадлыг өдөрт 350 мянган тоннд хүргэх боломж бүрдэх аж. Өргөтгөл өндөрлөхөд тус уурхай нь жилд 100 сая гаруй тонн хүдэр олборлох, боловсруулах Хятадын хамгийн том зэсийн үйлдвэрлэл болох юм.
Zijin Mining-ийн тооцооллоор, уурхайн өргөтгөлд нийт 17.5 тэрбум юань буюу 2.43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Qulong уурхайн өргөтгөлийн дараа ч үйлдвэрлэлийн хүчин чадлын нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, хэрэв өргөтгөлийн 3 дахь үе шатыг орон нутгийн эрх баригчид зөвшөөрөх юм бол Qulong уурхайн жилийн олборлолт 200 сая тонн хүдэр олборлолтод хүрч дэлхийн хамгийн том зэсийн уурхай болно гэдгийг Zijin Mining мэдэгджээ.
Гэрэл зураг: Qulong төслийн нээлт, 2020 он
Хятадын алтны хамгийн том олборлогч, тус улсын зэсийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг Zijin Mining компани нь Qulong төслийг 2020 онд эзэмшиж ердөө 18 сарын дараа ашиглалтад оруулсан. Тус компани Түвдийн бүс нутагт Qulong уурхайгаас гадна мөн зэсийн Жунуо зэрэг хэд хэдэн төсөл эзэмшдэг. Түүнчлэн лити үйлдвэрлэгч Lakkor Resources компанийн хяналтын багц болоод Түвдэд төвтэй Yulong Copper, Tianyuan Mining компаниудын хоёр дахь том хувьцаа эзэмшигч юм. Үүнээс гадна БНАКонго улс дахь Камоа Какула зэсийн үлэмж цогцолборын 45 хувийг эзэмшдэг бөгөөд уг төслийг Роберт Фрийдландын “Ivanhoe Mines” компанитай хамтран хэрэгжүүлж байна.
Харьцуулбал, 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Монгол Улсын Оюутолгой уурхайгаас 168 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ.
1 Сэтгэгдэл