UBS: 2024 оны эцсээр алтны үнэ 2250 ам.долларт хүрнэ

Э.ОД

Өнгөрсөн долоо хоногт бараг 5 хувиар өссөн алтны ханш даваа гаригт (2024.03.11)хэлбэлзэлтэй байна. АНУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрсэн нь ам.долларын болоод тус улсын төрийн сангийн 10 жилийн хугацаатай үнэт цаасны ханш буурахад нөлөөлжээ. Мягмар гаригт (2024.03.12)гарах АНУ-ын инфляцын шинэ мэдээллүүд энэ долоо хоногт алтны үнийн өсөлтийг “шалгана” гэж шинжээчид үзэж байна.  

Нью-Йоркийн COMEX бирж дээр алтны спот үнэ 2195.15 ам.доллароор арилжаалагджээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлттэй холбоотой алтны ханш  2200 ам. долларт ойртож буй. 

Нөгөөтэйгүүр Ойрх Дорнод, Украин дахь геополитикийн хурцадмал байдал нь шар металлын ханшийн өсөлтийг дэмжсээр байгаа юм. Тэгвэл ING Groep-ийн түүхий эдийн стратегич Эва Мантей “Бид алтны үнэ энэ онд өснө гэж харж байгаа. Учир нь үргэлжилж буй дайны нөхцөл байдлаас гадна АНУ-ын сонгуультай холбоотой геополитикийн тодорхойгүй үед найдвартай нөөц талаасаа алт илүү сонирхол татахуйц болдог” хэмээжээ.

UBS-ийн шинжээчид 2024 оны эцэс гэхэд алтны үнэ 2250 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард тус банк алтны ханш 2100 ам.доллароор 2023 оныг өндөрлөж, энэ жилийн гуравдугаар сар гэхэд 2200 ам.доллар болж өснө гэсэн таамаглаж байжээ.

Дэлхийн алтны зөвлөлөөс (WGC) гаргасан тайланд дурдсанаар Төв банкуудын 24 хувь нь ойрын 12 сард алтны нөөцөө нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна.