Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.03.18) "Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэг уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах Монгол Улсын Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар илтгэл тавилаа. Тэрээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг 2024 оноос эхлэн 10 хувийг биржээр арилжаалах бодлого баримталж байгаа бөгөөд 2026 онд 40 хувь хүргэхээр төлөвлөж байна. Мөн "Оюутолгой" ХХК-ийн зэсийн баяжмалыг арилжаалах талаар PDAC2024 чуулганы үеэр Рио Тинто компанийн удирдлагатай ярилцсан. 2025 оноос Оюутолгойн зэсийг борлуулж эхэлнэ гэдгийг хэллээ.
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах туршилтын хугацаа зургаан сар байна. Энэ хугацаанд 1 багц зэсийн баяжмалын хэмжээ 2,000 тонн байхаар тооцжээ. Өмнөх нүүрс, жонш, төмрийн хүдэр, баяжмалын адил 5 хувийн урьдчилгааг зэсийн арилжаанд оролцох компаниуд байршуулах юм.
Ирэх жил Эрдэнэтийн зэсийн экспорт хэвийн хэмжээнд байх бол Оюутолгойн гүний уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ. Мөн "Монголын Алт" ХХК-ийн Цагаан суваргын орд ашиглалтад орсноор 2.1 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж экспортлохоор таамаглаж байна. Дэлхийн судалгааны байгууллагуудын тооцоогоор зэсийн үнэ болон эрэлт 2035 он хүртэл өссөөр байх аж.
Хэлэлцүүлэгт БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонконг, ОХУ, Швейцар зэрэг 10 гаруй улсын төлөөлөл танхим болон цахимаар оролцлоо.