Бельгийн нийслэл Брюссель хотноо зургаа дахь удаагийн EIT RawMaterials чуулган болж байна. Энэ удаагийн чуулга уулзалт Европын Холбооны Критикал түүхий эдийн хууль батлагдсаны дараа болж буйгаар онцлогтой. Тус хууль нь Европ тивийг цахилгаан машин, салхин турбин, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бааз болгож, үүнд хэрэгцээт түүхий эдийн хамаарлыг Хятадаас багасгах зорилготой юм.
Чуулганы нээлтийн үеэр EIT RawMaterials-ийн Гүйцэтгэх захирал Бернд Шефер Критикал түүхий эдийн хуулийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд гурван жилийн хугацаанд 100 сая еврогийн санхүүжилт олгох болсныг зарласан. Мөн хугацаанд критикал түүхий эдийн салбарт хөрөнгө оруулалт татах орчныг бий болгохын тулд нэмэлт 200 сая еврог зарцуулах болсныг мэдэгдлээ. EIT RawMaterials чуулганы онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
Зургийн тайлбар: Бернд Шефер болон Евро комиссын Алсын хараа хариуцсан Дэд ерөнхийлөгч Марос Шевчович
Евро парламентын гишүүн Анна Мишель: Шинээр батлагдсан хуулийн уялдааг хангах, санхүүжилтийн төлөвлөгөөг гаргах, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд авах ёстой.
Рио Тинто, Синад Кауфман: Критикал түүхий эдийн хууль нь хөрөнгө оруулалт хийхэд өрсөлдөхүйц, хөрөнгө оруулагч нарт урьдчилан таамаглахуйц тогтолцоог хангаж чадахаар байна.
TechMet Ltd-ийн Гүйцэтгэх захирал Брайн Меннел: Байгалийн баялагтай улсуудтай хэлэлцээр хийхийн тулд илүү шийдэмгий, хатуу байх хэрэгтэй.
KU Leuven институтийн Захирал Питер Том Жонс: Судалгааны байгууллагууд, аж үйлдвэрийн салбарынхан болон байгаль орчны хөдөлгөөнүүд хоорондоо буулт хийж, "ногоон аж үйлдвэрлэлийн гэрээ" гэдгийг бий болгох шаардлагатай байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилгодоо хүрэхийн тулд Европт уул уурхайг өргөжүүлэх шаардлагатай. Иймээс шинэ төслүүдийг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд Европын Холбооноос авах арга хэмжээнээс ихээхэн шалтгаална" гэдэг дээр санал нэгджээ.
Тус чуулга уулзалтын мэдээллийн түншээр Майнинг Инсайт сэтгүүл ажиллаж байна. "Түүхий эдийн хөгжүүлэлт Европын тэргүүлэх хүч болох нь" уриатай EIT RawMaterials чуулган өнөөдөр өндөрлөнө.