Уул уурхайн лицензтэй холбоотой Түр хорооны сонсгол эхэллээ. Тус сонсгол УИХ-ын 2024 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу дөрвөн тусгай шалгалтын асуудал, 10 сэдвийн хүрээнд явагдаж байна.
Өчигдөр эхэлсэн сонсголд 41 байгууллагаас нотлох баримт гаргуулж чадсан гэдгийг сонсголын даргалагч УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн есөн байгууллагын баримт бүрэн бус, Түр хороог мэдээллээр хангах үүргээ биелүүлэхгүй байх тохиолдлууд гарсан гэдгийг онцоллоо.
Монгол Улс 1992 оноос хойш 7 сая га газарт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс “Монголын Алт (МАК)” ХХК, “Гацуурт” ХХК, “Бүрдэл Майнинг” ХХК, “Хүннү Говь Алтай” ХХК, “Сэкер Ресорсус Монголиа” ХХК гэсэн таван компани хоёр оронтой ашиглалтын лицензтэй байна. Мөн хайгуулын лицензээр “Цайна Инвэстмент Монголиа” ХХК эхэнд бичигджээ.
“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зориулалтаар олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Түр хорооны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.