Уул уурхайн салбарт намууд юу амлаж байна вэ?

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, 2  эвсэл оролцохоор болсон бөгөөд сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хянасны үндсэн дээр өчигдөр /2024.06.10/ олон нийтэд ил болгоод байна. Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө уул уурхайн чиглэлээр ямархуу бодлого баримтлах, ямар амлалт өгснийг хүргэж байна.    

МОНГОЛ АРДЫН НАМ 

   Байгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ.

   Оюу-Толгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

   Хөрөнгө оруулалтыг татах томоохон орд газруудын тоог нэмэгдүүлэхийн тулд геологи хайгуулын ажлын цар хүрээг өргөжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулна.

  Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудын төслийг эрчимжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

   Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.

  Уул уурхайн нөхөн сэргээх ажлын хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана.

  Нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр

  Боловсруулах аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах урт хугацааны стратегийг боловсруулж, боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

  Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж олон улсын стандарт хангасан авто бензин, түлшийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

  Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна. Үүнд:

- Тавантолгойн ордыг түшиглэсэн кокс- химийн үйлдвэр;

- Хүрэн нүүрс боловсруулах, нүүрс химийн аж үйлдвэрийн парк;

Зэс боловсруулах аж үйлдвэрийн парк;

- Дарханы төмөрлөг, арьс ширний аж үйлдвэрийн парк;

- Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор;

- Жонш боловсруулах цогцолбор;

- Барилгын материал үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн парк тус тус барина.

Стратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.

АРДЧИЛСАН НАМ

  Эрдэс баялгийн салбарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулсан мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно.

  Бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлага хангасан зарим нөхөрлөл, хоршоог уул уурхайн олборлолтын аж ахуйн нэгж хэлбэрээр албажуулан хууль бус олборлогчдод тавих төрийн хяналтын тогтолцоог сайжруулна.

  Геологи, геохими, геофизикийн бүх төрлийн судалгааны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх чадавхийг бэхжүүлж, судалгааны арга аргачлал, зааврыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн заавар, аргачлалтай уялдуулан шинэчлэн боловсруулна.

  Ашигт малтмалын ордын үндсэн болон дагалдах эрдсүүдийг иж бүрнээр ялган авах, үйлдвэрийн хаягдал боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ.

  Уурхайн үйл ажиллагааны хяналт, нөхөн сэргээлт, хаалтын стандартыг олон улсын жишигт хүргэж, дүйцүүлсэн нөхөн сэргээлтийг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулна. Нөхөн сэргээлтийн эрсдэлийн сангийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно.

  Хариуцлагатай уул уурхайн зарчмын дагуу нөхөн сэргээлт, хаалтын асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж бүрэн хариуцан гүйцэтгэдэг болгоно.

    Баялгийн шийдвэрт иргэдийн оролцоог хангана.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гэрээ, хэлэлцээрийг төрийн бүх шатанд байгуулж, үр дүн гаргана.

    Байгалийн баялгаас орж буй орлого, төсөв, тендерийг иргэдээр хэлэлцүүлдэг тогтолцоог шинэ шатанд гаргана.

    Газрын тос, нүүрс хими, кокс хими, өнгөт болон хар төмөрлөг, гангийн үйлдвэрийг дагалдах үйлдвэрийн хамт цогцоор нь байгуулна.

    Инновац, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, дахин боловсруулах болон бүтээлч аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ.

    Аж үйлдвэрийг дэмжих тусгай сангийн хөрөнгийг дотоод, гадаадын эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.

    Хүнд аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, концессоор барьж байгуулах хөрөнгө оруулалтыг татвар, санхүүгийн бодлогоор дэмжинэ.

    Боловсруулах үйлдвэрүүдэд шаардлагатай эрчим хүч, ус, зам, тээврийн дэд бүтцүүдийг эхний ээлжид бий болгоно.

   Аж үйлдвэрийн салбарт судалгаа хөгжлийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс урамшуулах зохицуулалтыг бий болгоно.

   Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих, гадаад улс орнуудын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар болон өөрийн орны нөөц, чадавхи, онцлогт тулгуурлан хөгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

    Аж үйлдвэрийн бүх салбарыг экспортын чиг баримжаатай болгоно.

  Газрын тос олборлогч орноос шатахуун үйлдвэрлэгч орон болно. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад оруулснаар дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангана.

   Шатахуун импортлох бусад эх үүсвэрийг бүрдүүлж, шатахууны хараат байдлаас гарна.

  Баруун болон Зүүн бүсэд жижиг оврын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах, тус үйлдвэрүүдийн завсрын бүтээгдэхүүнээр авто замын битумын үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт санал, санаачилгыг дэмжинэ.

  Зэсийн баяжмал, алт, мөнгө хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, зэс болон хайлш бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулахыг дэмжинэ.

   Дархан-Уул, Дорноговь аймагт төмрийн хүдэр боловсруулж, хорголж, ширэм үйлдвэрлэж, экспортод гаргах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санал, санаачилгыг дэмжинэ.

  Одоо ашиглаж байгаа болон ашиглахад бэлэн байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, цементийн үйлдвэрүүдийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

  Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс гүн боловсруулах, кокс, хагас кокс, бүх төрлийн шатахуун үйлдвэрлэх болон химийн үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлнэ.

    Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг тусгайлсан бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ.

    Эрдэс баялгийн гүн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлнэ.

    Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ.

Баялгийн сан

- Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг улс төрөөс хараат бус, мэргэжлийн багаар удирдуулан олон улсын болон дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийж, өсгөдөг тогтолцоог бүрдүүлнэ.

- Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүнд хойч үеийнхэний хөгжлийн баталгаа болох Ирээдүйн өв санг байгуулна.

- Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай хөрөнгө оруулалтад байршуулан өгөөж хүртэх ба аль ч сангийн эх үүсвэрийн тодорхой хувиас хэтрэхгүй хэсгийг дотоодын эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох салбарт хөрөнгө оруулна.

- Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулна. 

- Үндэсний баялгийн санг төсвийн алдагдал болон улс төрийн амлалтад зориулан зарцуулахыг хуулиар хориглож, хуримтлуулна. 

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

 Аж үйлдвэр хөгжүүлэхдээ ISO, EN зэрэг олон улсын стандартад нийцсэн төслийг дэмжинэ. Хөрөнгө оруулалтын илүү таатай эрх зүйн орчны бүрдүүлэх хүрээнд гаалийн татвар төлөх хугацаа, хэмжээ, зураг төсөл, ТЭЗҮ-д ноогдох НӨАТ, Монгол Улсын мэргэжлийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх шинэчлэл хийн, импортыг орлох чиглэл барьж урт, дунд ба богино хугацаагаар эрэмбэлнэ. Хил орчмын бүсийг аж үйлдвэрийн эргэлтэнд оруулах, газар олголт, зарим салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-ыг эргэн харж, түр горимд байршуулсан бараа, ажиллах хүчний эрх, зөвшөөрөл зэргийг төсөл хэрэгжих нийт хугацаанд хүчинтэй байдлаар олгодог болгоно.

 Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжих, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор импортын тоног төхөөрөмж, техникийн НӨАТ, гаалийн татварын таатай эрх зүйн орчныг үе шаттайгаар бүрдүүлнэ.

 Аж үйлдвэрийн өсөлтийг экологийн тогтвортой байдал, нөөцийн хариуцлагатай менежменттэй уялдуулах хүрээнд салбарын дэд бүтэц, аж үйлдвэрийн паркуудын хэрэгцээг хангахуйц усан хангамжийн системийг хөгжүүлнэ. Цахилгаан станцуудад бүрэн шаталттай, ашигт үйлийн итгэлцүүр өндөртэй технологи нэвтрүүлж нефтийн хайгуул, олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлэн, чанартай нефть бүтээгдэхүүнээр хангах замаар улс орноо эрчим хүчний хараат байдлаас гаргана. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, ашиглах таатай нөхцөлийг бүрдүүлэх, цаашид хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, арилгах арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.

 Аж үйлдвэрийн салбарын хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн, чадварлаг, туршлагатай инженер, техникийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад, дотоод сургах, төгсөгчдийг эх орондоо ажиллах нөхцлийг төр, хувийн хэвшилтэй хамтран бүрдүүлнэ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг сайжруулах, ажлын байрд үйлдвэрлэлийн дадлага хийх, туршлагатай инженер, техникийн ажилтан, суралцагсдад тодорхой цагаар сургалт хийх тэнцвэрт нөхцөлийг бүрдүүлнэ.

 Стратегийн хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн төслүүдэд баталгаа гаргах, олон улсын санхүүжилтийн хөтөлбөрүүд, Европын Холбооны “Global Gate Way”, гадаад улс орны экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээл (ECA) зэрэгт хамруулан бага хүүтэй, таатай нөхцөлөөр тоног төхөөрөмж худалдан авах боломж, нөхцөлийг бий болгон дэмжиж ажиллана. 

ИРГЭНИЙ ЗОРИГ БА НОГООН НАМ

  Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, ард иргэдийг хамгаалах, үр өгөөжийн тэгш хуваарилалтыг хангах хариуцлагатай, тогтвортой уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ.

  Уул уурхайн салбарын ил тод байдал, хариуцлага, олон улсын шилдэг туршлагыг дагаж мөрдөх байдлыг нэмэгдүүлэхийн тулд зохицуулалтын хяналт, хэрэгжилтийг бодлогыг үргэлжлүүлнэ.

  Бусад салбар дахь хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаануудаар дамжуулан эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайн орлогоос хараат байдлыг бууруулна.

ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ

• Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа,  эрдэс баялагийн нэгдсэн мэдээллийн санг баяжуулах эрх зүйн орчныг сайжруулна.

  Уул уурхайн эрдэс, түүхий эдэд түшиглэсэн зэсийн баяжмал, газрын тос боловсруулах, нефьт хими, кокс хими, металлургийн нүүрс угаах болон нүүрс хими, нүүрс эрчим хүч, метан хими, ган төмөрлөгийн, жонш баяжуулах, алт цэвэршүүлэх зэрэг өндөр технологийн хүнд үйлдвэрийн цогцолборууд хөгжих бодлого баримтална.

ЭХ ОРОН НАМ

  Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэн доройтсон, бохирдсон орчны нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлнэ.

  Ашигт малтмал, байгалийн баялаг ашигласны төлбөрийг улсын төсөвт, харин орон нутагт ажиллаж байгаа уурхай, үйлдвэрийн газрын орлогын татварыг тухайн аймаг, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Ашигт малтмалын төрөл, орд газрын тогтоц, ашиглалтын нөхцөлийг харгалзан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг ялгавартай тогтоох үзэл баримтлалыг боловсруулна.

   Ашигт малтмалын нөөцийг ашиглахдаа байгаль орчны асуудлыг эн тэргүүнд тавьж зохистой хэлбэрийг сонгох ба ойн болон усны сан бүхий бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах үүднээс зарим төрлийн ашигт малтмал ашиглахыг хязгаарлах, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

  Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж хөрсний эвдрэл, цөлжилт, хээрийн түймэр зэргээс урьдчилан сэргийлнэ. Байгалийн баялаг, ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүдээс "Байгалийн нөхөн сэргээлтийн сан" бүрдүүлнэ.

   Төмрийн хүдрийг түүхийгээр экспортлох явдлыг хязгаарлаж, гангийн үйлдвэрлэл хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгоно.

   Барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

БҮГД НАЙРАМДАХ НАМ

  Стратегийн ордуудад тулгуурлан баялгийн өгөөжийг ард түмэн, ирээдүй хойч үедээ шударгаар хүртээх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан Үндэсний баялгийн санд хуримтлуулан тэгш хувиарлана.

  Онцгой ач холбогдол бүхий уул уурхайн эрдэс, баялагийг үнэлэх аргачлалыг шинэчлэн баталж, стратегийн ордуудын жагсаалтыг шинэчилнэ.

 Геологи, уул уурхайн бодлого боловсруулахдаа үндэсний эрх ашиг, нийт ард түмний ашиг сонирхол, орон нутгийн иргэдийн амьдрал ахуйд бодитоор дэм болох, нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг тусгаж хэрэгжүүлнэ.

 Байгалийн баялгийг боловсруулалтгүйгээр экспортлож буй өнөөгийн байдлыг үндсээр нь өөрчилж хүнд аж үйлдвэрийн бодлоготой уялдуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогц бодлого хэрэгжүүлнэ.

 Уул уурхайн үйл ажиллагааны улмаас экологийн эрсдэлд орсон байгаль орчин, газар нутгуудад нарийвчилсан үнэлгээ хийж буруутай этгээдээр хохирлыг арилгуулах арга хэмжээ авна.

 Уул уурхай, мал аж ахуй, газар тариалангийн салбар хоорондын харилцан хамаарал, зохистой бүтцийг харгалзсан хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.

  Уул уурхайн том төслүүдийн дэд бүтцийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг нийт улсын болон тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулж тухайн орон нутгийн иргэдийн эрх ашиг, амьдрах орчныг сайжруулах зарчмыг хуульчлан батална.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ

 Уул уурхайн олборлох салбарт тулгуурлан аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнс, барилгын материал, зэс боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, нүүрс-хими, нефть-хими, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө.

 Улс орны дэд бүтцийн бүтээн байгуулалтын үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэхийг дэмжинэ. Уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган, цемент, шилэн хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангахад төр, орон нутаг, иргэний  оролцоог нэмэгдүүлнэ.

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН НАМ

  Олон тулгуурт эдийн засгийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах

  Байгаль экологийн хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах

ХҮН НАМ

     Уул уурхайн үйлдвэрлэлийн мега төслүүдийг хэрэгжүүлнэ

  Уул уурхайн орлогоос бүрдэх хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан мега төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлнэ.

  Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангана.

  Үндэсний томоохон компаниуд мега төсөл хэрэгжүүлэх боломжийг ханган ажиллана.

  Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улс төр ба намын нөлөөллөөс ангижруулснаар иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгож, Монгол Улсын иргэд, төр, бусад хувьцаа эзэмшигчдийн тэнцвэрт харилцааг бүрдүүлнэ.

  Оюутолгойн үйлдвэр болон уул уурхайн томоохон төслүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах цахилгаан станц барих бодлого баримтална.

  Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд татварын бодит бус ачааллыг нь бууруулж, санхүү, үйл ажиллагааны чадавхыг нь бэхжүүлнэ.

  Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, олон улсын зах зээлийг тэлэх бодлого барин ажиллана.

  Уул уурхайн салбарын орлогоос орон нутагт хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална.

  Хариуцлагатай уул уурхай буюу байгаль орчин, эдийн засгийн тоон болон чанарын тодорхой  шалгуурыг  хангахуйц  хэмжээнд  ажиллах  нөхцөл  шаардаж,  шинээр хэрэгжихэд бэлэн болсон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтална.

 Уул уурхайн эрдэс баялгийн хайгуулын ажил нь уул уурхайн эдийн засгийн үе шат болон үнийн савлагаанаас ихээхэн хамааралтай байдаг тул тогтворжуулах бодлого баримтлан ажиллана. Хайгуулын ажлыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулан цар хүрээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийн зүй бус наймааг хязгаарлах бодлого хэрэгжүүлнэ.

 Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ.

  Улс орны дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай гол орц болох ган, цемент, шилний үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ. Уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган, цемент, шилэн хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлого хэрэгжүүлнэ.

 Химийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэн, гол нэр, төрлийн шатахууны тодорхой хувийг олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлого баримтална.

    Бусад

  Уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, ноос ноолуур, ээрмэл зэрэг хөнгөн болон бусад үйлдвэрлэлийн салбарын эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих эдийн засаг, эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх бодлого баримтлана.

  Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд байгаль орчны удирдлага, хяналт, тайлагналын тогтолцоог зайлшгүй болгон олон нийтийг мэдээллээр хангана. Нөхөн сэргээлтийн зардлыг жил бүр урьдчилан тусгай санд төвлөрүүлж, нөхөн сэргээлтийг бүрэн гүйцэтгэсний дараа эгүүлэн олгодог барьцаалбарын тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

  Амьдрах орчныг хордуулах хүнд элемент, хорт бодисын хэрэглээ бүхий хүнд үйлдвэрүүдийн хяналтыг чангатган үе шаттайгаар хотоос нүүлгэх ажлыг эрчимжүүлнэ.

ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМ 

  Ашигт малтмалын төрөл, ордын нөөцийг харгалзахгүйгээр байгалийн баялаг улсын өмч гэж үзэж, ард түмэн бүрэн хянах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

   Монголын уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээг сайжруулахад онцгой анхаарч, үнийн нэгдсэн бодлого зохицуулалт хийнэ.

   Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэлгүйгээр олон улсын гадаад зах зээлд монголын баялгийг барьцаалан хөрөнгө босгох, зөвшөөрөлгүйгээр эрх шилжүүлэх, худалдахыг хориглоно.

  Үндэсний эрх ашигт харшилсан олон улсын гэрээ, хэлцлүүдийг дахин хянаж, хамтрагч этгээдтэй хэлэлцэн, засаж залруулах, сайжруулах арга хэмжээ авна.

   Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн сайжруулах гарцыг олж, үндэсний эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэнэ.

   Оюутолгой болон гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн экспортын орлогыг зөвхөн Монголын банкаар заавал дамжуулах үүргийг хуульчилна.

   Таван толгойн ордыг ард түмний мэдэлд 100 хувь үлдээж,төслийн хэрэгжүүлэх эрхийг үндэсний хөрөнгө оруулагчдад олгох бодлогыг  тууштай дэмжинэ.

  Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн болон стратегийн орд газруудын хууль бусаар олгогдсон лицензийг цуцалж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулна.

   Нөөц нь тогтоогдсон ордуудыг дахин нягталж,стратегийн ордод хамруулах эсэхийг шийдвэрлэнэ.

  Дархан цаазат газар, төрийн тусгай хамгаалалттай газар, хилийн бүс, төв суурин газар хамруулан олгосон лицензийг цуцалж, малчдын хаваржаа, өвөлжөө,  булаг шандын эх, оршуулгын газрыг тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн чөлөөлүүлнэ.

  Байгалийн баялгийг өвөг дээдсийн буян, өнөө бидний хишиг,үр хойчийн өмч хэмээн үзэж,   улсын төсвөөс ангид,хараат бус Үндэсний баялгийн сан байгуулж, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, хураамжийн  орлогын 50 хувиас доошгүйг тогтмол төвлөрүүлэн ирээдүйд хадгална.

  Ашигт малтмал олборлогч бүх аж ахуйн нэгж өмчийн хэлбэр харгалзахгүйгээр жил бүр Үндэсний нөөцийн санд  уул уурхайн бүтээгдэхүүн борлуулсан ашгийн 10 хувийг төвлөрүүлэхээр хуульчилна.

 Зэс, төмөр, бусад металлын хүдэр боловсруулах  үйлдвэрийг хувийн хэвшлийн хөрөнгөөр байгуулахыг татвар, зээлийн бодлогоор дэмжиж,эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  зорилтыг хэрэгжүүлнэ.

  Газрын тос, кокс боловсруулах үйлдвэрүүдийг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулж,түүнийг түшиглэн нефть, кокс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. 

МОНГОЛЫН КОНСЕРВАТИВ НАМ 

 Аж үйлдвэрийн бодлогын шинэчлэл хийнэ. Хууль ёсны нэмүү өртөг шингээсэн 11 үйлдвэр байгуулна. Байгалийн нөхөн сэргээлтийн сан байгуулахыг хуульчилж, 21 аймагт нөхөн сэргээлт хийнэ.

  Эдийн засгийн бодит салбаруудыг санхүүгийн бодлогоор дэмжих замаар түргэн хурдацтай хөгжүүлнэ. Өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн бодит салбаруудыг хөгжүүлэх санхүүгийн хуримтлалыг бүрдүүлнэ.

 Боловсруулах аж үйлдвэрийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжинэ.

 Өндөр технологийг тууштай нэвтрүүлж, экспортын баримжаатай, оюуны багтаамжтай, өрсөлдөх чадвартай, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжинэ.

  Хувийн болон олон нийтийн өмчит улс дамжсан үйлдвэрүүд байгуулахыг төрөөс дэмжинэ.

 10000 хүртэл ажилчинтай 11 үйлдвэрийг байгуулахад бодлогоо чиглүүлнэ. Иргэд хувьцааг нь эзэмшиж, ногдол ашиг хүртэхээр хамтын зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлж, эдгээр үйлдвэрүүдийн 22 хүртэл хувийг иргэд эзэмшихээр хуульчлана. Үүнд: Эдийн засгийн хөдөлгүүр хүч болсон 11 үйлдвэрийг байгуулна.

- Газрын ховор элементийн боловсруулах үйлдвэр

- Гангийн боловсруулах үйлдвэр

- Нүүрс хийжүүлэх үйлдвэр

- Занар боловсруулах үйлдвэр

- Зэс хайлуулах үйлдвэр

- Алт цэвэршүүлэх үйлдвэр

- Газрын тос боловсруулах үйлдвэр

- Байгалийн хий боловсруулах үйлдвэр

- Нүүрс боловсруулах үйлдвэр

- Чулуу боловсруулах үйлдвэр

- Нүүрс коксжуулах үйлдвэр

  Гол нэр төрлийн шатахууны хэрэгцээний 70 хүртэл хувийг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангадаг болно.

  Эрдэс баялагын хуваарилалтын шинэчлэл хийнэ. Монгол улсын үндсэн хуулийн

  6.2 заалтыг “Монгол улсын газар, газрын хэвлийн баялаг Монгол улсын иргэн, ирээдүйн иргэний өмч мөн” гэж өөрчлөн найруулна. Стратегийн ордуудад тулгуурлан олон улсын хөрөнгийн бирж дээр санхүүжилт /IPO/ босгоно.

  Шинээр мэндэлсэн иргэн бүрт 22 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний өсөн нэмэгдэх хувьцаа эзэмшиж болох талаар судалгааг хийнэ.

 Хууль бус лицензийг цуцлаж, хайгуулын болон ашиглалтын лицензийн эрхүүдийг цэгцлэнэ. Байгалийн баялаг ашиглагч гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллага нь олон нийтийн нээлттэй хувьцаат компани хэлбэрээр ажиллахыг хуульчилна.

  Байгалийн баялагаас олох бүх орлогыг Үндэсний нэгдсэн хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлнэ.

  Нөхөн сэргээлт хийгээгүй, голын голидрол, байгалийн зүй тогтолын эвдсэн бүх уул уурхай лицензүүдийг хүчингүй болгоно.

МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ НАМ

  Байгалийн бүх баялаг ард түмний өмч гэсэн Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар хариуцлагатай уул уурхайн хөгжлийг зохицуулна.

  Хэт олон тооны, замбараагүй, үр ашиг нь тодорхойгүй, хууль зөрчсөн /гол мөрний ай сав, ус ундарга, бэлчээр, ард түмний уламжлалт шүтлэг бүхий газар нутаг бохирдуулсан/ уурхайнуудыг цэгцэлнэ.

ҮНЭН БА ЗӨВ НАМ

  Гадаад Улсын иргэдэд газар хийгээд байгалийн баялгийг бүрэн эзэмшүүлэхгүй.

ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ НЭГДЭЛ НАМ 

 УИХ-ын Халдашгүй байдлын хороог татан буулгаж Ёс зүйн байнгын хороог байгуулна. Татварын хөнгөлөлт, газар, ус, ой, ан амьтан байгалийн бусад баялаг, ашигт малтмал, соёлын өв зэрэг нийтийн өмч, хөрөнгө, баялагийн талаар хууль тогтоомж санаачлахад нөлөө үзүүлэх зорилго бүхий аливаа хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийг Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хороо лоббичоор бүртгэдэг болгоно.

САЙН НАМ 

  Хариуцлагатай уул уурхайн олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтийг шинэчилж нийтлэг стандартуудыг тогтоох замаар иргэн, аж ахуйн нэгж бүр үйл ажиллагаандаа хатуу мөрдөж ашигласан болон ашиглаж буй талбайг хамгаалах, нөхөн сэргээлтийг заавал хийж байх ажлыг хэвшил болгох,  аюулгүй ажиллагааны   хариуцлагыг чангатган Уул уурхайн хайгуул болон олборлолтын үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож Байгаль-Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зарчмыг баримталж, байгалийн баялгаас орж ирсэн орлогыг улс төрөөс ангид байгалийн баялгийн санд төвлөрүүлж, улам арвижих зарчим дээр тулгуурлан ажиллах бөгөөд сангийн хөрөнгийг улс эх орныхоо нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйлсэд зарцуулах ба “Байгалийн баялгийн сан”-гийн үндсэн хөрөнгө нь халдашгүй дархан байна.

  Уул уурхайн лиценз олголтыг шилэн болгож, хууль бус зөвшөөрлүүдийг хүчингүй болгоно.

  Уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн, нөхөн сэргээлтийн зардлыг олборлолт эхлэхээс өмнө төрийн санд төвлөрүүлж, нөхөн сэргээлтэд шаардагдах нэмэгдэл зардлыг тухай бүрд нь гаргуулж, орчны бохирдлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах тухай хууль эрх зүйн орчныг сайжруулна.

  Эх орныхоо стратегийн орд газрын байгалийн баялгийг ашиглах, олборлохдоо гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ хийх тохиолдолд Монгол улсын засгийн газар 51-с доошгүй хувийг эзэмших нөхцөлийг баталгаажуулан мөрдүүлнэ.

  Стратегийн орд газарт нөхөн сэргээлт хийхдээ дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, саарал ус ашиглах, газрын гүний усыг ашиглахгүй байх хууль эрх зүйн орчныг сайжруулна.

  Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа үнэт цаас буюу хувьцааг нь Монгол Улсын хөрөнгийн биржээр дамжуулан гадаад зах зээлд гаргах олон улсын стандарт хэм хэмжээг баримтална.

  Оюутолгой, Эрдэнэтийн зэсийн ордыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, Таван толгойн ордыг түшиглэн кокс-химийн үйлдвэр, Дархан, Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн ордыг түшиглэн металлургийн цогцолбор үйлдвэр, Гянтболдын /Вольфрам/ баяжмал гүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах ажлыг дэмжинэ.

  Бичил уурхай эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжиж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг сайжруулж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж гүйцэтгүүлэх бодлого баримтална.

  Уул уурхайн салбарт нөхөн сэргээх шаардлага бүхий газруудад үйл ажиллагааг нь санхүүжүүлэх зорилго бүхий хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэд, орон нутаг, олон нийтийн оролцоо, олон улсын байгууллагуудтай хамтран ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх үйлсийг дэмжинэ.

  “Байгалийн баялгийн сан”-гийн шийдвэр гаргах дээд байгууллага нь тус сангийн Их хурал байна, Их хурлын гишүүнээр баг, хороодоос тус бүр нэг хүнийг тухайн орон нутгийн иргэд баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар шууд сонгох ба Их хурлын нийт гишүүдийн тоо нь баг, хороодын нийлбэр тоогоор байна. Их хурал нь хоёр жилд нэг удаа хуралдах бөгөөд шаардлагатай бол ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулна. Их хурлуудын хооронд сангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг тухайн Их хурлаас сонгосон "Байгалийн баялгийн сан"-гийн Бага хурал хариуцна. Нэн шаардлагатай бол шууд ардчиллын зарчимд тулгуурлан бүх ард түмний санал асуулга явуулж болно.