Европын Холбоо Сербитэй литийн төсөлд хамтран ажиллана

Зургийн эх сурвалж: RT

Э.МИШЭЭЛ
БНСерУ-ын Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Ж.Ханданович Европын Комиссын дэд ерөнхийлөгч Марос Сефчовичтэй Критикал түүхий эд, батарейн өртгийн сүлжээ, цахилгаан тээврийн хэрэгслийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа (2024.07.19). Тус санамж бичигт гарын үсэг зурснаар байгаль орчны эсэргүүцлээс үүдэн удтал хүлээлтэд ороод байсан Сербийн баруун хэсэгт орших Яадар литийн ордыг хөдөлгөх боломжтой болжээ. 

Санамж бичигт Европын Холбооны байгаль орчны өндөр стандартыг хэрэгжүүлж, орчин үеийн техник, технологи ашиглах замаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгаж, орон нутгийн иргэдэд илүү өгөөжтэй байж, хил дамнасан бохирдол үүсэхээс сэргийлэх зэргийг тусгасан байна. 

Зургийн тайлбар: ХБНГУ-ын канцлер Олаф Шольц (зүүн тал), БНСерУ-ын ерөнхийлөгч Александр Вучич, 

Европын Комиссын дэд ерөнхийлөгч Марос Сефчович (баруун тал) @buducnostsrbijeav

Европын Холбоо БНХАУ-аас цахилгаан автомашины батарейн нэг чухал түүхий эд болох литийн хамаарлаа багасгах алхмуудыг хийж байгаа. Энэ хүрээнд Яадар нь Европын литийн нийт хэрэглээний 13 орчим хувийг 2030 онд дангаараа хангана гэж тооцжээ. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд ХБНГУ-ын канцлер Олаф Шольц, БНСерУ-ын ерөнхийлөгч Александр Вучич оролцсон байна. 

Тус ордыг 2004 онд Рио Тинто илрүүлсэн бөгөөд төслийн хүрээнд 6 тэрбум еврогийн ГШХО орж ирнэ хэмээн ерөнхийлөгч Вучич хэвлэлийн хурлаар хэлжээ.  

Дээрх арга хэмжээний үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Кристин Лагард, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, KfW группийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Одил Рено-Бассо, Мерседес-Бенз группийн Удирдах зөвлөлийн дарга Ола Каллениус нар холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. 

Яадарын далд уурхай нь олборлолтоос гадна боловсруулалтыг хамтад нь хийнэ. Далд уурхай жилд 58 мянган тонн цэвэршүүлсэн литийн карбонат, 160 мянган тонн борын хүчил, 255 мянган тонн натрийн сульфат үйлдвэрлэх юм.

Эх сурвалж: Balkaninsight, RT