Өнөөдөр (2024.08.19) УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдлаа. Энэхүү хуралдаанаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан гишүүд тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Төсвийн тухай хуулийн гадаад зээлийн ашиглалтай холбоотой нэмэлт санхүүжилтийн задаргааг асуусан юм. Үүнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
"Төсвийн төслийн тодотголоор гадаад зээлийн ашиглалттай холбоотой хөрөнгө 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр орж ирсэн. Бүтэн жилээр 2.2 их наяд төгрөгийг 11 төсөлд зарцуулна. Энэ 11 төслөөс 8 нь дэд бүтэц, эрчим хүч, орон сууцтай холбоотой. Тухайлан хэлэхэд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн Солонго 1, 2 төсөл, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам, Улаанбаатар хотын ногоон орон сууц барих төсөл, Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл, 10 аймгийн ДЦС ийм төслүүд багтсан байгаа.
Аж үйлдвэртэй холбоотой газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл. Энэ төсөл 2017-2027 онд хэрэгжихээр байгаа. Мөн нийгмийн хөгжилтэй холбоотой хоёр төсөлд 72.5 тэрбум төгрөгөөр ашиглалт сайжирна. Дэд бүтцийн салбарт 856.6 тэрбум төгрөг, газрын тос боловсруулах төсөлд 52.7 тэрбум төгрөгөөр задарч орж ирж байна" гэв.