“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шинэ Ерөнхий захирал ажлаа хүлээн авлаа

Б.БАЯР

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлууд өнөөдөр ажлаа хүлээлцжээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөл оролцжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группын даргаар томилогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Ёндонг томилсон тогтоолыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ үеэр уншиж танилцуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олонтой хамтарч ажилласан зургаан жилийн хугацаа түүхэн он жилүүд байсныг онцолсон юм. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хоногт 8.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 3.4 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажилласан байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт юм.

Эрдэнэт үйлдвэрийн шинэ Ерөнхий захирал Г.Ёндон үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдийг эхлүүлж, цар тахлын улмаас улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийг чадварлаг удирдан зохион байгуулж, Монголын ард түмний өмнө чухал үүрэг гүйцэтгэснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд онцлон тэмдэглэж Х.Бадамсүрэн баатартаа дахин талархал илэрхийлье гэв.

Мөн сайдаар ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, бүс нутгийн хөгжилд онцгойлон анхаарч ирсэн. Цаашид ч уламжлал, шинэчлэлийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллах болно хэмээн онцлов.