Хэльмут Рудольф:Германы Засгийн газар СЭХ, мэргэжлийн боловсон хүчин, дэд бүтцийн хамтын ажиллагаагаараа бахархдаг

Б.БАЯНЖАВЗАН  

Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) Элчин сайдын яам болон Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо (ГМБЭХ) хамтран “Германы өдөр” нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд (2024.09.20) зохион байгууллаа. 

“Герман өдөр”-ийг нээж ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц “Герман, Монгол улс боловсрол, бизнес, эрдэм шинжилгээ, байгаль орчин гээд бүхий л салбарт хамтран ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлийн хамтралыг дурдахгүй байхын аргагүй. Германд суралцах Монгол оюутнууд нэмэгдэж байгаа төдийгүй уул уурхай, электроник техникийн чиглэлээр суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 70 гаруй оюутан Германд суралцаж байгаад баяртай байна. Мөн Германы Засгийн газар сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн боловсон хүчин, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаараа бахархдаг” хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. 

Энэхүү өдөрлөг Германы соёл, хэл, уламжлал, үндэсний хоол, урлагийн үзүүлбэртэй танилцах боломжийг олгож буй онцгой үйл ажиллагаа болж байгааг Гадаад Харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг онцоллоо. 

Өдөрлөгт эдийн засаг, урлаг соёл, боловсрол, хууль эрх зүй, техник технологийн чиглэл болон бусад бүхий л салбарт хамтран ажилладаг 70 гаруй байгууллага оролцов. Мөн тус арга хэмжээг Монгол, Германы томоохон компаниуд дэмжиж ажиллажээ. Оролцогч компани, боловсролын байгууллага болон Монголд үйл ажиллагаа явуулдаг Германы сангууд  өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан юм.