Зургийн эх сурвалж: VPN
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСВУ-ын ерөнхийлөгч То Ламын төрийн айлчлал (2024.09.30-10.01) албан ёсоор эхэллээ. Хоёр улс эрдэс түүхий эдийн салбарт харилцаатай явж иржээ.
Монгол, Вьетнам улсын худалдааны эргэлт 2023 онд 120 сая ам.доллар хүрсэн. Үүнээс 115 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс Вьетнамаас импортолсон. Импортын ихэнх хувийг телефон аппарат, телевиз зэрэг цахилгаан хэрэгсэл, нийтийн тээврийн моторт хэрэгсэл, хар төмрөн хийц, барилгын эдлэл гэсэн бүтээгдэхүүн эзэлжээ. Харин манай улс Вьетнам улс руу 5 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон. Үүний дийлэнх нь нэг төрлийн эрдэс түүхий эд байна. Өнгөрсөн онд 155 тонн, 4.2 сая ам.долларын молибдений хүдэр, баяжмал экспортолжээ.
БНСВУ манай улстай газрын тосны салбарт 1999 оноос хойш хамтран ажиллаж байна. 1999 онд "ПетроВьетнам" ТӨҮГ, АНУ-ын "СОКО Интернэйншнл" ХХК-тай Монголд газрын тосны хайгуул, олборлолт хийх гурван талын гэрээнд гарын үсэг зурсан. Тус үйлдвэрийн газар Тамсагийн газрын тосны ордын 5 хувийг эзэмшдэг байна. Улмаар 2010-2023 онд 23.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
"ПетроВьетнам" ТӨҮГ 1977 онд газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. Монголоос гадна Малайз, Индонез, Мьянмар, Алжирт хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Мөн Ирак, Малайзад гарын тос олборлодог. Өнгөрсөн оны 11 сарын байдлаар 7.5 сая тонн газрын тос боловсруулж төлөвлөгөөт ажилдаа нэг сарын өмнө хүрч байжээ. Тус компанийн үнэ цэн 2023 онд 1.3 тэрбум ам.долларт хүрч, 2019 онтой харьцуулахад гурав дахин өссөн байна.
Эх сурвалж: ШУА, ГЦҮС, PetroVietnam