Гадаад худалдааны нийт эргэлт эхний 9 сарын байдлаар 20.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 11.7 тэрбум ам.доллар, импорт 8.6 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны баланс 3.1 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарлаа.
Экспортод 11.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 10.2 сая ам.доллар буюу 87.4 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам. доллар буюу 3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлж байна.
2024 оны эхний 9 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 85.8 хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 76.8 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 99 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 66.3 хувийг эзэлж байна.
Экспортын гол нэрийн барааны бүтцэд чулуун нүүрс 6.6 тэрбум ам.доллар, зэсийн хүдэр, баяжмал 2.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 670 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 446 сая ам.доллар, ямааны угаасан ноолуур 252 сая ам.доллар, боловсруулаагүй нефть 248 сая ам.доллар, хээрийн болон хайлуур жонш 214 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 131 сая ам.доллар, үнэт металлын хүдэр, баяжмал 125 сая ам.доллароор тус тус орж байна.
Монгол Улс дэлхийн 73 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.5 хувь, Швейцарт 4.4 хувь, АНУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 97.2 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Импортоор нийт 8.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 1852.8 сая ам.доллароор буюу 27.4 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.8 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.7 тэрбум ам.доллар буюу 20.4 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1.8 тэрбум ам.доллар буюу 21.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.6 тэрбум ам.доллар буюу 88.4 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 881.5 сая ам.доллар буюу 13.7 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.8 тэрбум ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 765.9 сая ам.доллар буюу 8.9 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 453.7 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.9 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 39.8 хувь; ОХУ-д 24.6 хувь; Японд 10.3 хувь; БНСУ-д 4.1 хувь; АНУ-д 4.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.4 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: ГЕГ