Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар "Mongolia Mining" олон улсын уурхайн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Энэ өдрүүдэд манай улс уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээгээр амьсгалж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт "Mining Week 2024" арга хэмжээ амжилттай болж өнгөрснийг тэмдэглэв.
Өнөөдөр “Mongolia Mining 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээлтээ хийж байна. Энэхүү арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид, уул уурхайн ханган нийлүүлэгчид, банк санхүүгийнхний дунд хүлээгддэг арга хэмжээ болтлоо өргөжин тэлсэнд таатай буйгаа илэрхийлэв.
Цааш, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь, төсвийн орлогын 30 хувь, нийт экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байгааг тэмдэглээд, энэхүү үзүүлэлтийг өнөөг хүртэл бий болгоход тус үзэсгэлэнгийн хувь нэмэр их гэдгийг онцлов.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэд хэдэн томоохон бодлогыг дэвшүүлж байгаа бөгөөд олборлох үйлдвэрлэлээс боловсруулах үйлдвэрлэл рүү чиглүүлж, уул уурхайн салбараа аж үйлдвэртэйгээ хослуулан шинэ шатанд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэв. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас саяхан 14 мега төслийг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа зарласныг тэмдэглээд, эдгээрийн 6 нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны эрхлэх асуудлын хүрээнд шууд хамаарч байгаа бөгөөд тухайлбал, зэс боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс-хими, нүүрс-коксын үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрлэл технологийн паркуудыг тус тус багтаасан байгааг танилцуулав.
Түүнчлэн уул уурхайн салбарыг олон улсын жишигт нийцсэн, дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн хариуцлагатай уул уурхайн зарчимд тулгуурлан дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлж, нутагшуулах замаар хөгжүүлэх бодлого чиглэж байгаагаа дурдаад, цаашид хувийн хэвшлүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Бид салбарынхаа ил тод байдлыг бий болгох, хууль, эрх зүйн орчныг тогтвортой байлгах хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллана гэв.
Энэхүү үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулагчид, оролцогч 20 гаруй улсын 300 гаруй байгууллага, хүрэлцэн ирсэн элчин сайдууд та бүхэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!
Эх сурвалж: АҮЭБЯ