Монгол Улсын ерөнхий Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хуралдаанд ажиглагчаар оролцсон билээ. Тэгвэл өчигдөр (2024.10.16) ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил В.Мишустинтэй уулзалт хийсэн гэж Монгол Улсын Засгийн газраас мэдээллээ.
Тус уулзалтаар хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдаа, банк санхүү, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар ярилцсан байна.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулах нь чухал бөгөөд энэ нь хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд тэмдэглэв. Мөн Эгийн голын УЦС төсөлтэй холбогдуулан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болсныг дэмжиж байгааг Монголын тал илэрхийлсэн байна.
Ирэх арванхоёрдугаар сард Москва хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 26 дугаар хуралдааны бэлтгэлийг сайтар ханган хуралдуулж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа харилцан илэрхийлсэн аж.