Монгол Улсын ууган геологич, Геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “Залуу судлаач-2024” эрдэм шинжилгээний Бага хурал (2023.11.08) боллоо. Энэ удаагийн Бага хурал хэд хэдэн онцлогтой явагдлаа. Анх удаа гадаад улсад суралцагч цахимаар илтгэл хэлэлцүүлсэн, залуу судлаачийн насыг 35-аас доош болгон, докторын зэрэг хамгаалсан гэсэн шалгуурыг нэмсэн, шагналын сан нэмэгдсэн, зургаан байр шалгаруулахаар болсон, зохион байгуулагчийн тоо найм болж нэмэгдсэн байна. Мөн Монгол Улсад орчин үеийн Геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой, Шинжлэх ухааны өдөр тохиож буйг зохион байгуулагч ШУА-ийн доктор С.Төрболд онцоллоо.
Хурлын нээлтэд ШУА-ийн ерөнхийлөгчөөр шинээр томилогдсон С.Дэмбэрэл үг хэллээ.
“Залуу судлаач-2024” хурлын удирдагчаар ШУА-ийн Геологийн хүрээлэн, ЭШДэдА, докторант Д.Эрдэнэчимэг, шүүгчээр ШУТИС-ийн доктор, профессор Б.Мөнхцэнгэл, МГХНЗ, Монгол Улсын Зөвлөх инженер Я.Бат-Ирээдүй, ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭШТэрА, доктор Ц.Наранцэцэг, ШУТИС-ийн доктор, профессор С.Жаргалан, МУИС-ийн доктор, дэд профессор Х.Уламбадрах нар уригдан ажиллажээ.
Илтгэл шалгаруулалтын дараа зохион байгуулагчдын төлөөлөл МГХНЗ-ийн дарга асан, Монгол Улсын Зөвлөх инженер Я.Бат-Ирээдүйгээс тавигдсан илтгэлүүдийн талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, "Залуу судлаачид сонирхолтой, өрсөлдөөнтэй, чанартай илтгэлүүд тавьж, хэлэлцүүллээ. Шүүхэд нэлээд хүнд байлаа. Гэсэн хэдий ч манай шүүгчид шударга, зөв шүүж ажиллаа гэж бодож байна. Олон итгэлүүд дундаас тэргүүн байр эзэлсэн Д.Шаравын "Хархорины бүсийн цахиурлаг чулуулгийн судалгаа: Петрографи, геохими, тектоник орчин" илтгэлийн чанар чансаа, судалгааны хандлага маш сайн байлаа. Аргагүй нэгдүгээр байр эзэллээ" гэсэн юм.
Шилдэг илтгэгчдийн нэг геологич Т.Батбилэгийн сэдвийн талаар сонирхлоо. Тэрээр "Газрын тосны хайгуул, ашиглалтын үе шатуудад хайгуулчдын нэн тэргүүний зорилт бол тосны хуримтлал үүсэж болох структурын болон стратиграфын хуримтлууруудыг олж тогтоох явдал байдаг. Мөн тухайн сонирхол татаж буй хуримтлуурыг тосоор хангах ёстой үүсгэгч чулуулгийг үнэлэх шаардлага үүсдэг. Энэхүү судалгааны ажлаар бид үүсгэгч чулуулгийн нарийвчилсан үнэлгээнд хиймэл оюуны нэг салбар болох машин сургалтыг ашиглахыг зорьсон. Үр дүнд нь өнгөрсөн 10 дугаар сард албан ёсоор олборлолтоо эхлүүлсэн Цэн Тогоруу ордын хэмжээнд ашиглах боломжтой тоон загваруудыг гаргасан. Ингэснээр дараагийн өрөмдөх цооногуудын төлөвлөлт, өрөмдлөгийн дараах үнэлгээний ажлуудад хугацаа болон хөрөнгө хэмнэх боломж бүрдсэн гэж үзэж байгаа. Энэхүү машин сургалтын загварыг ашигласнаар долоо хоног хүрэхгүй хугацаанд бүтэн цооногийн хэмжээнд үүсгэгч чулуулгийг анхан шатанд үнэлэх боломжтой болж байна" гэлээ.
“Залуу судлаач-2024” хуралд 18 илтгэл хэлэлцэгдсэнээс илтгэгчдийн мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнг харгалзан хоёр түвшинд шалгарууллаа. Доктор, докторант, магистр, болон бакалаврын түвшинд 1, 2, 3-р байр, мөн “ДҮГЭРСҮРЭН” сангийн нэрэмжит тусгай шагнал эзлүүлж, магистрант болон бакалаврын оюутнуудын түвшинд шилдэг илтгэгчдийг тодруулан мөнгөн шагнал, өргөмжлөлөөр урамшууллаа. Үүнд:
Доктор, докторант, магистр, болон бакалаврын ангилалд:
- 1-р байр: ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭШДэдА, МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн танхимын докторант Д.Шарав “Хархорины бүсийн цахиурлаг чулуулгийн судалгаа: петрографи, геохими, тектоник орчин” сэдэв
- 2-р байр: “Петро Матад” ХХК-ийн геологич, магистр Т.Батбилэг “Тос үүсгэгч чулуулгийн үнэлгээнд ансамбль сургалтын схем ашиглах нь” сэдэв
- 3-р байр: МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн танхимын 4-р түвшний оюутан Б.Баярмаа “Төвийн трансектийн дагуух царцдасын зузааныг тодорхойлсон дүн” сэдэв
- ДҮГЭРСҮРЭН” сангийн нэрэмжит тусгай шагнал: ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн ЭША, Ө.Хишигдэлгэр “Монголын зүүн бүсийн газрын тосны талбайн газар хөдлөлтийн идэвхжил” сэдэв
- Шилдэг магистрант ангилалд: Япон улсын Тохоку Их Сургуулийн магистрант Т.Номин “Баянхонгор офиолит дэхь серпентинитжсэн хэт суурилаг биет дэхь суурилаг судлын хувиралтай холбоотой магнетитын задрал ба элементүүдийн шилжилт” сэдэв
- Шилдэг бакалавр (оюутан) ангилалд: МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн танхимын 3-р түвшний оюутан Г.Энхзул “Эйлерийн деконволюцийн аргыг геологийн хил зааг, гажил үүсгэгчийн гүн тодорхойлоход ашиглах нь” сэдвээр тус тус шалгарсан байна.
Хурлын зохион байгуулагчаар ШУА-ийн Геологийн хүрээлэн, Үндэсний Геологийн Алба, МУИС, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ, "Дүгэрсүрэн" сан, "Велсмон" ХХК, ШУТИС, МГХНЗ ажиллажээ.