Уул уурхайн үйлдвэрлэл 2025 онд огцом тэлэх ч цаашид тогтворжино

Дэлхийн банк "Монголын эдийн засгийн тойм" мэдээллийг өнөөдөр (2024.11.29) өөрийн байранд танилцууллаа. Тус тайлангийн ирэх оны төлөв, уул уурхайтай холбоотой хэсгийн заримаас хүргэе. 

Эдийн засгийн өсөлтийн дунд хугацааны таамаглал эерэг байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн болон уул уурхайн бус секторын аль аль нь хувь нэмрээ оруулна. Уул уурхайн үйлдвэрлэл Оюутолгойн үйлдвэрлэлтэй холбоотой 2025 онд огцом тэлэх ч цаашид тогтворжино. 

2025 онд эдийн засаг 6.5 хувьд хүрч хурдсахад Оюутолгойн үйлдвэрлэл, 2024 оны зудын нөлөөг гэтлэн давах ХАА-ын салбарын сэргэлт нөлөөлөхөөр байна. Эдгээр хоёр салбар нүүрсний салбарын бууралтыг нөхөх төлөвтэй байна. 

Эрэлт талаас Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийн дагуу хэрэгжих төсвийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтууд эдийн засгийг өсөлтийг мөн хурдасгах төлөвтэй байна. 

Эдийн засгийг дордуулж болох эрсдэлд:

Дотоод орчинд, эдийн засгийн цаашдын төлөвийг төсвийн зардал хүлээлтээс давах тохиолдолд эдийн засгийн өсөлтийг хурдасгана. Гэсэн хэдий ч инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төсвийн болон урсгал дансны алдагдлыг тэлэх эрсдэлтэй. 

Гадаад орчинд, дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас доогуур гарвал гадаад эрэлт суларч үндсэн экспортын түүхий эдийн үнэ буурах, түлш шатахууны үнийн хөөрөгдөхөөс үүдэн үйлдвэрлэлийн зардал, импортын өртгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. 

Зөвлөмж, уул уурхайн экспортын макро эдийн засаг, төсөвт үзүүлж буй эерэг, таатай нөлөөг бэхжүүлэх, өсөлтийг бататгахын тулд макро эдийн засгийн зохистой удирдлага шаардлагатай байна.