2023 онд Эрдэнэт үйлдвэр 1.1 тэрбум ам.долларын орлого улсад оруулжээ

Б.БАЯНЖАВЗАН

“Монгол Улсын нийгэм, эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” сэдэвт судалгааны ажлын үр дүнг өнөөдөр (2024.12.11) танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Г.Очирбат, МУУҮА-ын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар, АҮЭБЯ болон салбарын бусад байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. 

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй хувь нэмэр, цаашдын үр нөлөө болон өнөөдрийн нөхцөл байдлыг бодит тоон мэдээлэлд үндэслэн тодорхойлж олон нийтэд хүргэх зорилготой тус судалгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эм Эм Си Жи” компанитай хамтран хийжээ.  

Эдийн засгийн судалгаа шинжилгээ, төлөвлөлтөд олон улсад өргөн ашигладаг Input-Output analysis буюу орц гарцын шинжилгээний аргаар тус үйлдвэрийн нийт эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, цалин орлогод бүхэлдээ ямар нөлөө үзүүлж байгааг тооцсон анхны судалгаа болж буйгаараа онцлог юм.

Судалгааны гол үр дүнгээс дурдвал

- Эдийн засаг, нийгмийн хүндхэн үед Эрдэнэт үйлдвэр үүргээ маш сайн гүйцэтгэжээ. Шилжилтийн хүндхэн үед Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ДНБ болоод улсын төсвийн орлогын ⅓-ийг бүрдүүлж, хүндрэлийг давах “амь тариа” болж байв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ДНБ-ий 5 хувь, төсвийн орлогын 10 хувийг бүрдүүлж, Монгол Улсын айл өрх бүрийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төлж, хямралыг давахад тусалсан “аврагч” гэж тодорхойлжээ. 2023 оны улсын төсөвт оруулсан Эрдэнэт үйлдвэрийн орлогыг Монгол Улсын иргэн бүрд хуваавал 577 мянган төгрөг ногдож байна. 

- Эрдэнэт үйлдвэрийн үржүүлэгчийн нөлөө буюу нийт эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, цалин орлогод үзүүлэх нийт нөлөө өндөр. Эрдэнэт үйлдвэр 6,900 ажилтантай хэдий ч нийт эдийн засагт үзүүлж буй нөлөөгөөрөө нийт 22 мянган ажлын байрыг бий болгосон байна. Тус үйлдвэрийн шууд бус болон өдөөгдсөн нөлөөгөөр ханган нийлүүлэгчид, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд 3.8 их наяд төгрөгийн нэмэгдэл өртөг, 942.1 тэрбум төгрөгийн цалингийн орлогыг бий болгожээ.

- Айл өрхийн амьжиргаанд мэдрэгдэхүйц хувь нэмрийг үзүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын төлсөн НДШ-ээр 11 мянган ахмад настны тэтгэврийг сар бүр олгож байна. Цар тахлын үед Монгол Улсын 980 мянган өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг бүрэн хариуцсан.

- Гадаад валютын нөөцийн “үүсгүүр”-ийн үүрэг гүйцэтгэж байна. Эрдэнэт үйлдвэр 2023 онд 1.1 тэрбум ам.долларыг Монголбанкинд оруулсан нь өнгөрсөн жилийн Монгол Улсын гадаад валютын нөөцийн 28.3 хувийг эзэлжээ. 2019 онд ам.долларын ханш 2664 төгрөг байсан бөгөөд Эрдэнэт үйлдвэр улсад валютын орлого оруулаагүй бол ам.долларын ханш 3634 төгрөгт хүрэх байжээ.