2024 оны Хятадын нүүрсний салбарын онцлох 10 үйл явдал


1.    Эрчим хүчний тухай хууль

Арваннэгдүгээр сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос БНХАУ-ын Эрчим хүчний тухай хуулийг баталж, эрчим хүчний салбар, тэр дундаа нүүрсний салбарын эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэв. Энэхүү хуулиар тус улс эрчим хүчний төлөвлөлт, бүтээн байгуулалт, зах зээлийн зохицуулалт, эрчим хүчний аюулгүй байдал, технологийн шинэчлэл зэрэг суурь асуудлуудыг тусгасан эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж тодорхойлжээ. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрчим хүчний тухай хууль нь үндэсний эрчим хүчний аюулгүй байдал, ногоон болон нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай шилжилтийг дэмжих, Хятадын нүүрстөрөгчийн хийг саармагжуулах зорилтыг дэмжих зорилттой. 

2.    Нүүрсний үйлдвэрлэлийн нөөцийн бүрдүүлэх тухай журам

Дөрөвдүгээр сард Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газар хамтран “Нүүрсний үйлдвэрлэлийн нөөцийн бүрдүүлэх тухай журам”-ыг нийтэлсэн. Энэ нь тус улс 2030 он гэхэд жил бүр 300 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлж дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдал, зах зээлийн хэлбэлзлийг тэсвэрлэх чадварыг сайжруулах эх зорилготой юм.  

3.    Цэвэр, үр ашигтай нүүрсний хэрэглээг бэхжүүлэх төлөвлөгөө 

Есдүгээр сард Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос “Цэвэр, үр ашигтай нүүрсний хэрэглээг бэхжүүлэх тухай санал” баримт бичгийг гаргасан. 2030 он хүртэл хэрэгжүүлэх уг төлөвлөгөө нь илүү цэвэр, ухаалаг, ногоон байдлаар нүүрсийг боловсруулах, үйлдвэрлэлийн явцад эрчим хүчний хэрэглээг бууруулах, хадгалах, тээвэрлэх дэд бүтцийг оновчтой болгох, нүүрсний чанарыг сайжруулах, нүүрс ашигладаг гол салбаруудын үр ашиг, цэвэр байдлыг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байна. Тухайлбал үндэсний нэгдсэн зах зээлийг хөгжүүлэхийн тулд нүүрсний худалдааны төвүүдийг ашиглах, 2025 оны эцэс гэхэд халаалтын төхөөрөмжийн 30 км радиус доторх нүүрсний уурын зуух болон хоцрогдсон бага оврын нүүрсний цахилгаан станцуудыг хаах буюу нэгтгэх ажлыг дуусгах, нүүрсний эрчим хүчний шинэ төслүүдэд том хүчин чадал, өндөр гүйцэтгэл, бага эрчим хүч зарцуулалт, сайн зохицуулалттай дэвшилтэт суурилуулалтыг эрэмбэлэх, нүүрсийг газрын тос, хий болгон боловсруулах, дэвшилтэд технологийг нутагшуулах, ангилсан нүүрсний хэрэглээг дэмжихээр тусгажээ. 

4.    Уурхайн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина 

Нүүрсний уурхайн аюулгүй ажиллагааны чангатгасан шинэ дүрмийг БНХАУ-ын төрийн Зөвлөлийн  Ерөнхий сайд Ли Цян зарласны дараа 2024 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж байна. Эдгээр дүрэм нь компанийн менежерээс эхлээд ажилчид хүртэл уурхайн бүх оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгож, урьдчилан сэргийлэх давхар механизм (эрсдэлийн ангиллын хяналт, далд аюулын судалгаа, менежмент) дамжуулан эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, бодит цагийн хяналт, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, далд аюулын арван долоон ангиллыг тодорхойлох, мэдээллийн технологийг ашиглан ослоос урьдчилан сэргийлэхээр зохицуулжээ. Тухайн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан аж.  

5.    Нүүрсний олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрэв 

2024 онд Хятадын нүүрсний олборлолт 4.76 тэрбум тонн хүрч шинэ дээд амжилт тогтоож байна. Үндэсний эрчим хүчний газрын мэдээлснээр, 2025 онд 4.8 тэрбум тонн олборлох зорилт тавьжээ. 

6.    Эрэлтээс үүдэн нүүрсний импорт дээд амжилт тогтоожээ

Дотоодын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой 2024 онд Хятадын нүүрсний импорт эхний 11 сард 490 сая тонн давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.8 хувиар өссөн байна. Эрчим хүчний нүүрсний импорт 380 сая тонн (жилийн мөн үеэс 12.73 хувиар+), коксжих нүүрсний импорт 112 сая тонн (22.5 хувиар +) хүрчээ. Sxcoal-ийн шинжээчдийн тооцоолсноор 2024 онд нийт импорт 539 сая тонн, үүнээс 418 сая тонн эрчим хүчний нүүрс, 121 сая тонн коксжих нүүрс байна.

7.    Бүрэн автоматжуулсан уурхайн ухаалаг технологиуд хүчээ авч байна

Нүүрсний уурхайн шинэчлэл 2024 онд мэдэгдэхүйц хурдацтай явагдаж Хятадын нүүрсний олборлолтын хүчин чадлын 50 гаруй хувийг ухаалаг уурхайнуудаас бүрдүүлж байна. Дөрөвдүгээр сард Уурхайн аюулгүй байдлын үндэсний газар хамтран гаргасан "Уурхайн аюулгүй байдлын хөгжлийг дэмжихийн тулд ухаалаг уурхайн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэн дэмжих тухай удирдамжийн саналууд" нь 2026 он гэхэд ухаалаг үйлдвэрлэлийн хүчин чадлыг дор хаяж 60 хувьд хүргэх зорилтуудыг дэвшүүлээд буй аж. 2030 он гэхэд уул уурхайн салбарт ажиллах хүчний тоог эрс бууруулж, автоматжуулалтын түвшинг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр  зорьж байна. 

8.    Нүүрс тээвэрлэх төмөр замын тарифыг бууруулжээ

Хятадын “China State Railway” групп 4-6 дугаар сард нүүрс тээвэрлэх төмөр замын тарифыг мэдэгдэхүйц бууруулж, ялангуяа Хөх хот, Шиань, Шинжааны  хүртэл тээврийн шугамд ихээхэн хэмжээний хөнгөлөлт (10-20 хувь, зарим чиглэлд 30 хувь хүртэл) үзүүлжээ. Энэхүү арга хэмжээ нь нүүрс хэрэглэгчдийн тээврийн зардлыг бууруулан, тээвэрлэлтийн идэвхийг нэмэгдүүлэх замаар нүүрс үйлдвэрлэгч, худалдаачдад ашигтай байж, улирлын ачаалал үүсэхээс сэргийлж жилийн турш тэнцвэртэй тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

9.    Нүүрсний эрчим хүчний салбарыг нүүрстөрөгч багатай болгож өөрчилнө

Зургаадугаар сард Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газар хамтран  "Нүүрстөрөгч багатай нүүрсний цахилгаан станц барих үйл ажиллагааны төлөвлөгөө 2024-2027" гаргаж Хятадын нүүрсний эрчим хүчний салбарыг нүүрстөрөгч багатай болгож өөрчлөх замын зураглалыг тодорхойлсон байна. Ирэх он туршилтын төслүүд нь 2023 оны түвшинтэй харьцуулахад нэгж цахилгаан эрчим хүчний нүүрсхүчлийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, 2027 он гэхэд хийн түлшээр ажилладаг цахилгаан станцуудаас ялгарах утааны хэмжээг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Мөн төлөвлөгөөнд санхүүжилтийг нэмэгдүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх, технологийн шинэчлэлийг сайжруулах зэрэг арга хэмжээг нарийвчлан тусгасан аж.  

10.    Шаньси мужийн нүүрсний худалдааг төвлөрсөн платформд нэгтгэв 

Хятадын хойд бүсийн хамгийн том нүүрс олборлогч нутаг болох Шаньси муж тавдугаар сараас эхлэн нүүрсний худалдаа, борлуулалт, нийлүүлэлтийн гэрээ, логистик зэрэг бүх төрлийн нүүрсний худалдааны үйл ажиллагааг Тайюань төвийн платформд нэгтгээд байна. Шаньси мужид нүүрсний худалдааны өндөр стандартын зах зээлийг бий болгох тухай"  төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа юм.