Зочин нийтлэлч Б.БАТМАНЛАЙ
Тэр эргэн ирлээ. Түүний ялалтын мэдээ хүлээж байсанчлан зах зээлд багагүй чичиргээ авчрав. Гэхдээ анхны бас гэнэтийн байсангүй. Удаан үргэлжилсэнгүй. 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, Дэд ерөнхийлөгч Камала Харрис үлдэж буй ахар хугацаанд олон нийтийн дэмжлэг авах хүндхэн сорилттой тулгарсан. Энэ үеэс зах зээлд Трамп 2.0 гэх ойлголт хүчтэй яригдах болов. Д.Трампын 2016 оны сонгуулийн ялалтад Уолстрийт бэлэн биш байсан бол энэ удаад тэд “түүнийг” илүү мэддэг болсон. Мөн зах зээлийн суурь нөхцөл байдал тэнгэр газар шиг ялгаатай болсныг анхаарах хэрэгтэйг шинжээчид хэлж байв. Ямартай ч сонгуулийн үр дүн гарснаар ам.доллар чангарч, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж дээш буудав.
S&P 500 оргил цэгээ сэтэлж, алтны галзуурлын амыг багахан ч атугай татсанаар “Трамп 2.0” эхний хуудсаа бичлээ. Тариф нэмж, татварыг бууруулахаас авахуулаад цагаачдын талаар баримтлах “түүний” бодлого зах зээлийн төлөв байдлыг ирэх 4 жил ерөнхийд нь тодорхойлно.
Тангараг өргөх ёслол ойртсоор хэдий ч шинжээчид энэ удаад түрүүлж дуугарахыг төдийлөн хүсэхгүй байгаа нь учиртай. Raymond James компанийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ларри Адам "Шинэ Ерөнхийлөгчийн захиргаан дор ямар салбар тэлж, агших вэ гэдгийг урьдчилан таамаглах нь улам л хэцүү болж ирснийг өмнөх жишээнүүд хангалттай харуулж байна. Хэдийгээр зах зээл сонгуулийн үр дүнгийн мэдээнд маш тодорхой хариу үйлдэл үзүүлж буй мэт байгаа хэдий ч үүний үргэлжлэх хугацаа улам л богино болчихлоо” гэв.
Нэг жишээ. 2016 оны Трампын ялалт АНУ-ын эрчим хүчний салбарт асар их хүлээлт бий болгов. АНУ-ын газрын тос, занар олборлолт шинэ дээд түвшиндээ хүрч, үнэ ханш түүхэн дээд үзүүлэлтээ удаа дараа харуулсан. Гэвч 2016-2020 онд S&P 500-ийн эрчим хүчний бүлэг 8.4 хувиар агшсан байдаг. Эсрэгээрээ удаах 4 жилд Жое Байден сэргээгдэх эрчим хүч рүү төсвөө шахаж, илүү ногоон бас тогтвортой бодлого руу тэмүүлсэн хугацаанд энэ салбар бараг 23 хувиар тэлжээ. Заримдаа зах зээлд юмс харагдаж байгаагаасаа эсрэгээрээ эргэх тохиолдол байдгийг шинжээчид анхааруулж байна. Гэхдээ түүхий эдийн зах зээлийн шинжээчид цөөн хэдэн хувилбарт нэгдмэл байна.
АЛТ
Олон улсын геополитикийн эрсдэлт нөхцөл байдал, ам.долларын сайн гүйцэтгэл, томоохон төв банкуудын бодлогоос шууд хамаарсан гэж болох алтны халуурал 2024 оны онцлох өсөлтүүдийн нэг байв. Тэгвэл сонгуулийн үр дүн энэ халуурлыг эхний долоо хоногтоо л хазаарлаж, ханшийг 2 сарын доод түвшинд барихад хангалттай байлаа. Үүгээр ч зогсохгүй сүүлийн 13 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарсны дараах ханшийн өөрчлөлтүүдээс хамгийн тааруу үзүүлэлт харууллаа. Учир нь сонгуулийн кампанит ажлын туршид Орос, Украйныг хэлэлцээрийн ширээнд суулгах, Ойрхи Дорнодод гал зогсоох хувилбаруудыг санал болгосон "түүний“ эрмэлзэл ийнхүү бодит ажил хэрэг болох боломж бүрдсэнээр зах зээлд үүсээд байсан айдсыг намжаав.
Хэдхэн сарын өмнө унц алтны ханшийн урт хугацааны төлөв дийлэнх нь 3000 ам.доллар шүргэж байсан бол Saxo банкны түүхий эдийн шинжээч Оле Хансений шинэчилсэн таамгууд 2600 орчим ам.долларт хэлбэлзэж эхэллээ. Энэ нь нэг талаас хөрөнгийн урсгалыг “холбооны шинэ нөөц” болж болзошгүй гэгдэж буй крипто руу хандуулах нөхцөл бүрдүүлж болохыг шинжээчид үгүйсгэхгүй байна.
МЕТАЛЛ
Шинэ худалдааны дайн гарахгүй. Гэхдээ “түүний” худалдааны тарифаар дамжуулан хэрэгжүүлэх хатуухан бодлого үйлдвэрлэлийн салбарт эрэлтийг сааруулах нь дамжиггүй. Технологийн дэвшил, шинэ үеийн хэрэглээний бүтээгдэхүүний хэт хэрэгцээгээр дэмжигдсэн үйлдвэрлэлийн өсөлт, сэргээгдэх эрчим хүчний цойлолт нь металлуудын эрэлтийг сүүлийн жилүүдэд хангалттай ихээр нэмэгдүүлсэн. Тэгвэл энэ удаад гол тоглогч Хятадын зах зээл, дотоод эрэлтээс гадна гадаад худалдааны тал дээр сөргүүлэн баримтлах бодлого металлуудын ханшийн урт хугацааны төлөвт шийдвэрлэх нөлөө үзүүлэх гол фактор байхаар байна. Нэмээд нэг анхаарах зүйл байгаа нь Байдений засаг захиргаа баталсан сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлого, хэдийнэ хэрэгжиж эхэлсэн томоохон акц, төсөл, хөтөлбөрүүд цуцлагдах эрсдэл юм. Удахгүй ажлаа өгөх АНУ-ын Эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга Женифер Гранхолм “Трамп эдгээр төслийг зогсоох нь хууль бус үйлдэл болно” гэж анхааруулаад амжив. Ямартай ч “түүний” ялалтын мэдээний дараа улаан бүс рүү шилжиж хариу үйлдэл харуулсан зэс, цайр болон төмрийн хүдрийн ханшийн төлөвт сөрөг хүлээлт нэмэгдэж ирлээ.
ЭРЧИМ ХҮЧ
Газрын тос, байгалийн хийн салбарт эерэг төлөв багахан хэдий ч давамгай байгааг шинжээчид онцолж байна. Нэг талаас дотоодын олборлолт, үйлдвэрлэл нэмэгдсэнээр энэ салбарт өсөлт бий болж, тэлнэ гэж харж болох хэдий ч худалдааны тарифаас учрах эрсдэл үүнийг халхлахуйц байж болзошгүй юм. Эхний дохио нь АНУ-ын эрчим хүчний гаралтай түүхий эдийн импортын талаас илүү хувийг бүрдүүлэгч Канад, Мексикийн газрын тос, хий олборлогчид 25 хүртэлх хувийн тарифт өртөх эрсдэл үүслээ. Хятадын экспортлогчдын тулгарч болзошгүй 60 хувийн тарифтай харьцуулахад бага хэдий ч Миннесотагийн жижигхэн шатахуун түгээгүүрээс худалдан авалт хийж буй Америк иргэний халаасаар дамжин эдийн засагт үзүүлэх нөлөө багагүй болохыг анхаарах л ёстой. Мэдээж их үйлдвэрлэл ханшийг доош чангаах эрсдэлтэйг мартаж болохгүй. Түүхий эдийн зах зээл энэ удаад “түүний” ялалтад бэлтгэлтэй байлаа. 2016 он шиг шок зах зээлд бий болохгүй нь тодорхой болсон хэдий ч зарим эрсдэлүүд хуримтлагдан, болгоомжлол нэмэгдсээр байна. Конгрессийн хоёр танхимд олонх болж чадсан Бүгд найрамдахчуудынхаа дэмжлэгтэйгээр Цагаан ордонд өнгөрүүлэх “түүний” дараагийн бүрэн эрхийн хугацаанд “Трамп 2.0”-ийн ээлжит хуудсууд ямар сонирхолтой зүйлсээр дүүрэн байхыг харах л үлдлээ.
Майнинг Инсайт сэтгүүл, Арваннэгдүгээр сар 2024, №11 (036)